УИХ-ын 30 орчим гишүүн Өршөөлийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Өнгөрсөн хаврын чуулганаар өргөн барихаар зэхээд амжаагүй төслөө тэд удахгүй УИХ-д өргөн барих аж. Энэ талаар санаачлагч гишүүн Ц.Оюунбаатар, Л.Цог, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, З.Баянсэлэнгэ нар өчигдөр мэдээлэл хийв. УИХ дахь бүх намын төлөөлөл оролцсон, анх удаа Парламентын гишүүдийн зүгээс өргөн барьж буй гэдгээрээ уг Өршөөлийн хуулийн төсөл онцлог гэнэ. Одоогоор манай улсад 8000 хоригдол байгаа аж. Хавар энэ тоо 6000 байсан бол гэмт хэрэг гарах нь нэмэгдэж, хоригдлуудын тоо өсөж буйг гишүүд ярив. Өршөөлөөр суллагдсан хүмүүс үйлдсэн хэргийнхээ хохирлыг барагдуулдаггүй байдлыг халахаар төсөлд тусгажээ. Зөвхөн хохирлоо барагдуулсан бол өршөөлд хамруулахаар заасан байна.
1990 оноос хойш УИХ таван ч удаа Өршөөлийн хууль гаргасан байдаг аж. Өршөөгдсөн хүмүүсийн зургаа хүртэлх хувь нь дахин гэмт хэрэг хийсэн гэж судалгаа бий гэнэ. Тиймээс өмнөх хуулиудын давуу, сул талыг судлаад төсөлдөө нөхөж оруулжээ. Өршөөлд хамрагдах хүмүүсээс “Дахин гэмт хэрэг үйлдэхгүй” гэсэн гараар бичсэн баталгаа гаргуулах юм байна. Гишүүн Ц.Оюунбаатар энэ талаар “Суллагдсан хүмүүс ажил олох хэцүү байдаг. Тиймээс бид тэднийг нийгэмшүүлэх, ажлын байраар хангахад санаа тавих заалтыг оруулсан. Уул уурхай, бүтээн байгуулалт хөгжиж байгаа үед тэр салбарт ажиллуулах арга хэмжээ авах боломжтой. Одоо хоригдож буй 8000 хүнээс 3000 нь уг хуульд хамрагдах тооцоо гарсан. Ингэснээр улсын төсвөөс 12 тэрбум төгрөг хэмнэнэ. Уг мөнгөө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зориулах юм” гэлээ. Хуулийн төсөл санаачлагчдаас зарим зүйлийг тодруулав.
-Яг ямар ялтай хүмүүс Өршөөлийн хуульд хамрагдах вэ?
-Хөнгөн, хөнгөвтөр гэмт хэрэг хийсэн, одоо гурав хүртэлх жилийн ял үлдсэн хүмүүс хамаарна. Гэхдээ хүнд болон хүндэвтэр хэрэг хийсэн хүний ялаас 1-2 жил хасаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх заалт бас бий.
-Уг хуулийг МАХН-ын дарга Н.Энхбаярт зориулсан гэж нэг хэсэг шүүмжилсэн. Авлигын болон албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг хамруулах уу?
Д.Ганбат: -Тийм хардлага байсан. Гэхдээ үүнийг нэг болон хэсэг хүнд зориулж гаргах гээгүй. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүд хуульд хамрагдахгүй.
Ц.Оюунбаатар: -Мөн хар тамхи, хүний наймаа зэрэг гэмт хэрэгт холбогдсон хүмүүст хууль үйлчлэхгүй. Үүнээс гадна мөрдөн байцаалтын явцад оргон зугтахыг завдсан бол хууль хамаарахгүй.
С.ТУУЛ