Нью-Йорк хотноо чуулж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы хүрээнд тус Ерөнхий Ассамб лейн даргын санаачилсан Мянганы хөгжлийн зорилтууд (МХЗ)-ын хэрэгжилтийн явц байдлыг хэлэлцэх тусгай арга хэмжээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцлоо. Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгж үүлэхээр товлосон 2015 он хүртэл харьцангуй богино хугацаа үлдсэн үед дээрх зорилтуудын хэрэгжилтийг дүгнэж хамтарсан баримт бичиг батлахад чиглэсэн уг арга хэмжээнд оролцогчид МХЗ-ыг хэрэгжүүлснээр 2010 онтой харьцуулахад ядуурал тэн хагасаар буурч, боловсролд тэргүүлэх ач холбогдол өгч, “Боловсролыг хамгийн түрүүнд” хэмээх санал санаачилга амжилттай хэрэгжиж, эмэгтэйчүүд илүү чадваржин ДОХВ/ДОХ, хумхаа болон сүрьеэ өвчинтэй үр дүнтэй тэмцэж байгаагаас гадна энх тайван, хөгжил дэвшил, хүний эрх, хуулийг дээдлэх ёс хоорондоо салшгүй уялдаатайг ухамсарлан ойлгоход МХЗ-ууд томоохон үүрэг гүйцэтгэсэн хэмээн онцолсон байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тусгай арга хэмжээнд оролцож хэлсэн үгэндээ бүх нийтийг хамарсан тогтвортой хөгжил, хангалттай цалин хөлс бүхий ажлын байруудыг шинээр бий болгохгүйгээр Мянганы хөгжлийн зорилтууд болон 2015 оноос хойших тогтвортой хөгжлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэдгийг онцлон тэмдэглэжээ. “Монгол Улсад эдийн засгийн өсөлт сүүлийн үед саарсан ч хоёр оронтой тоогоор илэрхийлэгдэхээр хурдтай нэмэгдэж байна. Эдийн засаг өсөхөд хүн амын дийлэнх хэсгийн орлого үлэмж хэмжээгээр нэмэгддэг байх нөхцөлийг төр, засгийн бодлогоор бүрдүүлэх шаардлагатай. МХЗ-уудыг хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт тавьж байгаа Монгол Улс нийгэм, эдийн засгийн хөгжил, хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хангахад сайн засаглал чухал үүрэгтэйг харгалзан хүний эрх, ардчилсан засаглалын чадавхыг дээшлүүлэх ес дэх зорилтыг нэмж дэв шүүлсэн цөөн улс орны нэг билээ.
Монгол Улс МХЗ-уудын хэрэгжилтийг дүгнэж үндэсний тав дахь илтгэлээ саяхан гаргасан. Манай улс дээрх зорилтуудын дагуу тодорхой 24 зорилт дэвшүүлснээс тав нь хэрэгжсэн, үлдэж байгаа хугацаанд гурван зорилт хэрэгжих, хүчин чармайлтаа нэмэгдүүлснээр дөрвөн зорилт биелэх боломжтой байна. Тухайлбал, тав хүртэлх настай хүүхдийн болон эхийн эндэгдэл, ДОХВ/ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэх, ундны усны найдвартай эх үүсвэрээр хангах, эрүүл ахуй, ариун цэвэр, мэдээлэл холбооны орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх зорилт хэрэгжээд байна. 2015 оноос хойших тогтвортой хөгжлийн дэлхий нийтийн асуудлыг оновчтой томъёолох талаар амжилт олохын сацуу МХЗ-ууд болон ядуурлыг арилгах зорилтуудаа ажил хэрэг болгон хэрэгжүүлэхэд үлдэж байгаа хоёр жилийн хугацаанд илүү эрч хүчтэй шуурхай ажиллахыг дахин уриалж буйгаа энэ ялдамд илэрхийлэхийг хүсч байна” гэжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн Олон улсын энх тайвны хүрээлэнгээр зочилсон байна.