МАН-ын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан, зөвлөлийн гишүүн Б.Батзолбоо нар мэдээлэл хийлээ. Тэд намын шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааны зорилтын талаар хөдөө, орон нутгийн намын гишүүддээ сурталчлахаар 13 аймаг, нийслэлийн нэг дүүрэгт ажиллажээ. 8000 гаруй км зам туулж ажиллахдаа намын 1300 гаруй гишүүд, иргэдээс санал авах “Шинэчлэлийн өргөө” гэрээ очсон аймаг бүртээ босгосон байна. Мөн намын 27 дугаар Их хуралтай холбоотой 700 гаруй саналыг бичгээр хүлээн авчээ. Эдгээрийг нэгтгэж, намын дүрэм болон хөгжлийн хөтөлбөр, бодлого, шийдвэрт тусгахаар ажиллах юм байна. Шинэчлэлийн хорооныхон анх удаа улс төрийн намын энэхүү үйл ажиллагааны зардлын талаар ил тод мэдээлж буйгаа онцолсон. Үүнтэй холбоотойгоор улс төрийн нам, хүчн үүд санхүүжилтээ ил тод болгохыг уриалсан юм. 13 аймаг, нэг дүүрэгт ажиллах зардлыг босгоход нийт 36 байгууллага, иргэн хандив өргөжээ. Үүнд бэлнээр 8.465.000 төг рөг, бэлэн бус хэлбэрээр 3.888.000 төгрөг тэй тэнцэх хэмжээний хандив хүлээн авч, шатахуунд нийт зардлын 3.868.630 төгрөг буюу 50 орчим хувийг зарцуулсан гэв. 21 аймагт ажиллахад дунджаар 100 гаруй сая төгрөг зарцуулдаг гэсэн жишиг байдаг ч харьцангуй бага зардлаар энэ төрлийн арга хэмжээг зохион байгуулах боломжтойг энэ удаагийн тайлан харууллаа гэдгийг онцолж байлаа. Энэ үеэр Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайханаас цөөн зүйлийг тодрууллаа.
-Та бүхэн намынхаа санхүүжилттэй танилцаж үзсэн үү?
-Намын дүрэмд намын гишүүн санхүү- жилтийн тайлантай танилцах эрхтэй гэж заасан байдаг ч бид тайланг сонсож байгаагүй. Тиймээс ч шинэчлэлийн зорилтын нэг болгож санхүүжилтээ ил тод болгохыг шаардаж байгаа. Их хурлаар хэлэлцэх намын дүрмийн өөрчлөлтөд ч тодорхой саналууд тусгахаар бэлтгэж байна.
-Намын Их хурлын бэлтгэлд танай хорооны зүгээс хэрхэн оролцож байгаа вэ?
-Хөдөө, орон нутагт ажиллаж байхад зөвхөн манай намын гишүүд төдийгүй нийгэм тэр чигээрээ Ардын Намын шинэчлэлийг хүсэн хүлээж байна. 27 дугаар Их хурлаар шинэчлэлийн томоохон шийдвэр гаргана гэж найдаж байна. Тиймээс Их хурлаар хэлэлцэх бодлогын баримт бичгүүд болох Хөгжлийн болон мөрийн хөтөлбөр, намын дүрэмд орох нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийг хэлэлцэж байна.
-Шинэчлэлийн хорооноос Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцрохыг шаардсан. Шаардлагын хугацаа дууссан. Цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Бид дараагийн алхамд шилжсэн. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг бэлтгэж УИХ-ын дарга болон УИХ дахь намын бүлгийн ахлагч нарт хүргүүлсэн. Үүнийг ээлжит бус чуулганы хугацаанд хэлэлцэж, шийдвэрлэхийг шаардсан. Энэ удаа шийдэхгүй бол дараагийн арга хэмжээг авах болно.