УИХ-ын дарга З.Энхболд Японы Пар ламентын Дээд танхимын гишүүн Үэно Хироши болон түүнийг дагалдан яваа бизнесийн төлөөллийг өчигдөр хүлээн авч уулзлаа. Ноён Үэно Хироши хоёр жилийн өмнө Монголд ирэхдээ бизнес эрхлэх нөхцөл боломж их байгааг олж харснаар Японы Гумма мужийн бизнесийн төлөөллийг манай оронд авчирч, бизнесийн салбарынхан болон төрийн түшээдтэй уулзаж, санал бодлоо солилцож байгаа юм байна. “Улстөрчид бол бизнесийн орчин нөхцөлийг бүрдүүлж өгдөг гүүр байх учиртайг хэлээд, дагалдан яваа бизнесийн төлөөллөө Монгол Улсад ээлтэй бизнес хийх сонирхолтой” хэмээн хэлжээ. Уулзалтад оролцсон төлөөлөгчид УИХын даргад өөрсдийн эрхэлдэг бизнесийн үйл ажиллагаагаа танилцуулаад Монгол Улсад ямар чиглэлээр бизнес эрхлэх боломж байгаа талаар дуулгалаа. Тухайлбал, “Numata Sigen” компанийн ерөнхий захирал Такахаши Шиняагийн танилцуулснаар тэдний компани энэ жил 10 мегаваттын цахилгаан станц ашиглалтад оруулж, тодорхой орон нутгийг эрчим хүчээр хангаж байгаа гэнэ. Цаашид байгальд ээлтэй био түлш ашиглан цахилгаан гаргаж авдаг хоёр станц барихаар ажиллаж байгаа бөгөөд манай улсад ч энэ төрлийн цахилгаан станцаар орон нутгаа хангах боломж байгааг онцолжээ. Харин “Sharez” компанийн ерөнхий захирал Ишихара Юшихико “Би 14 жилийн өмнө гар утасны тоглоом зохиодог компани байгуулж, хэсэгхэн хугацааны дараа л дөрвөн сая хэрэглэгчтэй болж чадсан. Одоо ухаалаг гар утасны тоглоом зохиож, гар утасны томоохон компаниудад зарж байна. Монголын залуус энэ төрлийн тоглоом зохиогоод, зарж борлуулах боломжтой. Учир нь монгол залуус их бүтээлч сэтгэлгээтэй гэж сонссон” гэжээ. Мөн “Mori” компанийн ерөнхий захирал Мори Ежи эмчилгээний болон махан бүтээгдэх үүн боловсруулах үйлдвэр эрхэлдэг бөгөөд энэ чиглэлийн бизнес эрхэлдэг Монголын компаниудтай хамтран ажиллах боломж байгаа эсэхийг судлахаар иржээ. Тэдэнтэй уулзаж, ярилцсан УИХ-ын дарга З.Энхболд хоёр улсын бизнесийн төлөөллийн уулзалт нь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдолтойг онцолсон байна.