НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Бүгд Найрамдах Сьерра Леон болон Бүгд Найрамдах Суринам Улстай өнгөрөгч 27-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоолоо. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцов. Ийнхүү дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан биенээ дэмжиж, хамтран ажиллах илүү боломж нээгдэж буй.
Манай улс энхийг сахиулагчдаа тус улсад хэрэгжүүлсэн НҮБ-ын ажиллагаанд оролцуулж ирсэн төдийгүй хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж ирснийг сайд нар онцлон тэмдэглэсэн. Харин Mонгол Улс Латин Америкийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарал тавьж байгаагийн нэгэн илэрхийлэл бол Бразил Улсад ЭСЯ-аа нээхээр шийдвэрлэсэн явдал юм. Тус ЭСЯ-аар дамжуулан Монгол, Суринамын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг ч урагшлуулах боломжтой болно хэмээн Гадаад харилцааны сайд Л.Болд гарын үсэг зурах ёслолын үеэр онцолсон байна.