Ээлжит “Бүтээн байгуулалтын цаг”-ийг Ерөнхий сайд хатуухан шүүмжлэлээр эхлүүлэв. Цементийн үнэ өссөнтэй холбоотойгоор Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнгээс нөхцөл байдлыг тодруулахад, гурав хоногийн дотор үнийг буцааж барина гэж хэлж байсан нь биеллээ олоогүй тул ийн ширүүлсэн юм. Барилгын үнийг хөөрөгдөхгүйн тулд Засгийн газар өнгөрсөн хавраас эхлэн 57 компанид 127 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохын зэрэгцээ Замын-Үүдийн боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авчээ. Тиймээс “Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гэгчээр хөрөнгө мөнгө, бодлогын арга хэмжээгээр дэмжээд байхад баахан шалтаг, шалтгаан тоочдогоо болих хэрэгтэй гэж анхааруулав. Харин Р.Эрдэнэбүрэн болон хөнгөлөлттэй зээл авсан компаниудын төлөөлөл юанийн ханшийн огцом өсөлт, урд хөршийн цементийн үйлдвэрүүдэд доголдол үүссэнтэй холбоотойгоор үнэ өссөн гэж байлаа.
Хөнгөлөлттэй зээл авсан компаниуд нийт 1.8 сая тонн цемент импортлох тооцоотой ажилласан ч өнгөрсөн сарын 1-ний байдлаар 980 мянга орчим тонныг л оруулж ирээд байгаа аж. Зээл авсан аж ахуйн нэгжүүд 14- хөн хоногийн нөөцтэй байгаа нь хангалтгүй, ийм тайлбараар буруу үйлдлээ зөвтгөж болохгүй гэдгийг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хатуу анхааруулсан. Сүхбаатар аймагт 13 мВт-ын хүчин чадалтай дулааны станц ашиглалтад орсон тухай мэдээг Ерөнхий сайд Н.Алтанхуяг “гэгээтэй” хэмээн онцолсон. Харин Увс, Хөвсгөл, Ховд аймгийн дулааны станцууд хараахан ашиглалтад ороогүй гэнэ. Мөн “Гудамж” төслийнхөн “Өнөр” хорооллын уулзвар болон Нисэхийн замыг энэ сарын 25-нд ашиглалтад оруулахаар ажиллаж буй гээд “ДЦС-3”, “Мишээл”, “Говь”, “Таванбогд” компанийн уулзварын зорчих хэсгийг нээснээ дуулгав. Харин Биогийн гэгддэг 22.5 км замын ажил энэ сарын 4-нд дуусна. Төслийн баг энэ жилийн хувьд 18 уулзварыг ашиглалтад оруулан, хотын төвийн 76 км замын трассыг тодорхойлж, зураг төслийн ажлыг энэ өвөл хийхээр бэлтгэж байгаа юм байна. Тэд нэг уулзварыг 1-1.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр шинэчилж буйгаа Засгийн газрын тэргүүнд танилцуулсан.
Замын-Үүдийн замыг энэ сарын 30- нд, Мандалговь чиглэлийн замыг ирэх сарын 1-нд нээх бол Дорнод, Хөвсгөлийн зам 50-иас илүү хувийн гүйцэтгэлтэй байгаа ч энэ жил ашиглалтад орохгүй тухай салбар хариуцсан дэд сайд энэ үеэр мэдээлсэн. Харин одоогийн байдлаар 46 хувийн гүйцэтгэлтэй байгаа төмөр замын далангийн газар шорооны ажил ирэх сарын 1 гэхэд 80 хувьд хүрч хаагдах аж. “Чингис” бондын хөрөнгөөр Засгийн газрын тогтоолтой есөн төслийг санхүүж үүлж буй. Тэдгээрт хэд хэдэн төгрөгийн санхүүжилт гаргаад буйг Н.Алтанхуяг сайд тодруулсан. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын хэлснээр, орон нутгийн авто замын төсөлд шаардлагатай 590 тэрбум төгрөгийн 36, нийслэлийн дэд бүтцийн төслүүдэд төлөвлөсөн 198.7 тэрбум төгрөгөөс 26 хувийг гаргажээ.
Мөн Тавантолгойн цахилгаан станцад 1.5 тэрбум төгрөг, төмөр замын төсөлд шаардлагатай 200 сая ам.долларын 42 хувь, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төслүүдэд төсөвлөсөн 270 тэрбум төгрөгийг бүгдийг нь Хөгжлийн банкнаас гаргасан байна. “Бүтээн байгуулалтын цаг”-ийн төгсгөлд Засгийн газрын тэргүүнээс ШТС-ууд шатахуун түгээхгүй байгаа талаар тодруулахад, “Мэдэхгүй байна. Сайдаас нь асуу. Сайдаас ч асуух зүйл байхгүй. Тийм юм байх ёсгүй” гэсэн хариулт өгсөн юм.
Б.НОМИН