Аравдугаар сарын 1-15-нд манай улсад даамын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээн болох билээ. Дэлхийн даамын холбоо (FMJD), Монголын даамын холбоо (MDF), ССАЖЯ, “Пума империал” зочид буудалтай хамтран зохион байгуулах тус тэмцээнд 10 орны шилдэг 16 тамирчин тойргийн журмаар өрсөлдөх юм. Тус тэмцээнд манай улсаас 2012 оны Ази тивийн аварга ОУИМ М.Нямжаргал, энэ оны улсын аварга ОУИМ Э.Мандахнаран, Азийн өсвөр үеийн АШТ-ий мөнгөн медальт, спортын дэд мастер М.Одгэрэл нарын гурван тамирчин оролцох юм. Манайхан тус тэмцээнд өнгөрсөн зууны төгсгөлөөс оролцож эхэлсэн ба “Якутск 1999”-д ДДХМ Ж.Гэрэлчулуун, “Латроника 2005”-д спортын мастер М.Хишигбаяр, “Якутск 2007”-д ДДХМ С.Саранцэцэг нар дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байжээ.
.jpg)
Энэ удаагийн тэмцээнд оролцох 16 даамчны талаас илүү нь их мастер цолтнууд бөгөөд тэдний дунд дэлхийн 12 удаагийн аварга, өдгөө FMJD-гийн чансааг тэргүүлж буй Латвийн Зоя Голу бева байна. Тэрчлэн дэлхийн дөрвөн удаагийн аварга Дарья Ткаченко (Ук раин), одоогоор аваргын титмийг эзэмшигч Тамара Тансыккужина (ОХУ), ДАШТ-ий таван мөнгөн медальт Нина Хукман (Голланд), Дэлхийн оюуны спортын их наадмын аварга Ольга Федорович (Беларусь), Матрена Ноговицына (ОХУ), их мастер Виктория Мотричко (Ук раин) нар аваргын төлөө өрсөлдөх нь ойлгомжтой. Оролцогчдоос хамгийн ахмад нь Голландын их мастер Нина Хукман. Украин гаралтай энэ даамчин энэ жил 49 насыг зооглож буй. Харин хамгийн залуу нь манай тамирчин, 15 настай М.Одгэрэл бөлгөө.
ДАШТ-ий үеэр түргэн тоглолтын буюу рапид, блицийн тэмцээнүүд болох бөгөөд үүнийг албан ёсны сайт www.http:// ulaanbaatar2013.com, ETV телевизээр шууд дамжуулан үзүүлнэ. Тэмцээний нийт шагналын сан 22 мянган евро (үндсэн тэмцээн 20.000+түргэн тоглолт 2000) бөгөөд оролцсон бүх тамирчин үзүүлсэн амжилтаасаа шалтгаалж 400- 5000-ыг халааслана. Харин блиц болон рапид тоглолтын эхний гурван байрт шалгарагсад 500, 300, 200 еврогийн шагнал хүртэх юм.
Тэмцээний хуваарь
X/2 Нээлтийн ажиллагаа Рапид тоглолтын ДАШТ
X/3 Блиц тоглолтын ДАШТ
X/4 I өрөг
X/5 II, III өрөг
X/6 IV өрөг
X/7 V, VI өрөг
X/8 VII өрөг
X/9 VIII, IX өрөг
X/10 амралт
X/11 X, XI өрөг
X/12 XII өрөг
X/13 XIII өрөг
X/14 XIV өрөг
X/15 XV өрөг
Р.МАНЛАЙ