УИХ-ын намрын чуулганыг өчигдөр нээлээ. Ерөнхийлөгч хилийн чанадад ажиллаж буй учир УИХ-ын даргаас өөр хүн үг хэлсэнгүй. Энэ өдрийн содон хүн нь эрхэм гишүүн О.Баасанхүү байлаа. Тэрбээр хамгаалалтын малгай болох цэнхэр каск өмсөж хуралдаа суусан юм. Малгайн дээрээ охин хүүхэд бас жижигхэн зүрхэн хэлбэрт дүрс бүхий зураг наажээ. Чуулганы нээлтэд ирэхдээ эрхэм гишүүд үндэсний дээл бас бус хувцсаараа л гоёдог болохоос түүн шиг каскаар “гоёж” байсан түүх үгүй. УИХ-ын дарга З.Энхболд чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогтоо ажиллаж, баталсан хуулиа сурталчилсан, иргэдийн саналыг сонссон, гаднын ямар зочид айлчилсан тухай яриад “Намрын чуулганаар 2014 оны Монгол Улсын төсөв, хүний хөгжил сангийн болон нийгмийн даатгалын сангийн төсөв, төрөөс мөнгөний талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж батална.

2013 оны төсвийн орлогыг хэт өндөр тавьж баталснаас орлого, зарлагын тэнцвэр алдагдаж, энэ удаагийн чуулганаар 2013 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага гарч байна. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг мөрдлөг болгож 2014 оны төсвийг улс орны нийгэм, эдийн засгийн хүрээнд үүссэн нөхцөл байдалтай нягт уялдуулан нухацтай хэлэлцэж батлах нь Та бидний эрхэм зорилт болж байна” гэлээ. Мөн ээлжит бус чуулганаас шилжүүлсэн таван хуулийн төслийг батална. Улсын төсөв батлах ажил цаг хугацаатай учраас алтан цагийг үр дүнтэй өнгөрүүлэх хэрэгтэйг сануулав. Үүний дараа Төрийн дуулал эгшиглэснээр намрын чуулганыг нээх ёслолын ажиллагаа дууссан.
Гишүүн О.Баасанхүүгээс дараах тодруулгыг авлаа.
-Энэ малгай, дээрх зураг ямар утгыг илэрхийлж байна вэ. Та үүгээрээ юуг хэлэх гэсэн юм бол?
-Охин хүүхэд хайртай зүйлээ алдаж байгаа зурагтай каск өмссөнөөрөө би нийгэмд болж бүтэхгүй байгаа бүхнийг УИХ-ын анхааралд өртүүлж, хурдан шийдээч гэсэн сануулга өгч буй юм. Шатахууны үнэ нэмэгдэж, өргөн хэрэглээний барааны үнэ өслөө. Барилгын салбарт авлига улам цэцэглэж байна. Өмнөх намрын чуулганы нээлтийн дараа би УИХ-ын даргатай хамт Төв шуудангаас АТГ хүртэл алхсан. Тэр үед барьж байсан олон байшин асуудалтай байлаа. Гэтэл өнөөдөр тэдний үйл ажиллагаа зогсоогүй хэвээр байна. Хүний амь үнэгүйдлээ. Засгийн газар ураны ордыг ашиглахыг дэмжиж буйг бас эсэргүүцнэ.
-Хамгаалалтын малгай өмсөж эсэргүүцлээ илэрхийлэх аргыг яагаад сонгосон юм бэ?
-ХБНГУ-д ийм аргаар эсэрг үүц лээ илэрхийлж, сануулга өгөх жишиг байдаг.
С.ТУУЛ