Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр “БНСУ-ын эрх баригч хүчин Монголын Засгийн газрыг уучлал гуйхыг хүлээж байна” гэсэн ташаа мэдээлэл гарсантай холбогдуулан ГХЯ-аас дараах тодруулгыг хийж байна. Дээрхи мэдээлэлд дурдагдсан БНСУ-ын эрх баригч Сэнүри намын дарга Хван Ү Ёо-ийн Монгол Улсад хийхээр төлөвлөгдөж байсан айлчлал солонгосын талаас шалтгаалан хоёр ч удаа хойшлогдсон бөгөөд "дотоодын хурдацтай өөрчлөгдөж байгаа улс төрийн хурцадмал нөхцөл байдлаас" шалтгаалан энэхүү айлчлалыг хойшлуулж байгаагаа солонгосын тал албан ёсоор тайлбарласан.
Мөн, УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хий тэргүүтэй төлөөлөгчдийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал энэ өдрүүдэд амжилттай болж өндөрлөсөн. Ноён Кан Чан Хий УИХ-ын дарга З.Энхболдтой уулзах үеэрээ Сэнүри намын даргын айлчлал дотоодын улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан хойшилсонд хүлцэл өчсөн бөгөөд айлчлалын товыг дипломат шугамаар дахин тодруулахаар талууд тохиролцоод байгаа болно.