Аймгийн Засаг дарга нартай хийдэг Ерөнхий сайдын цахим хурлыг Дорнод, Дорноговь аймгийн удирдлага “таслав”. Дорнод аймгийн хувьд ингэж хурал “таслах” нь зүйн хэрэг юм. Учир нь тус аймгаас хуралд оролцъё ч гэсэн Засаг дарга байхгүй. Бүр тодруулбал, өнгөрөгч орон нутгийн сонгуулиас хойш “толгойгүй” яваа аймаг бол Дорнод. Үнэндээ Засаг дарга нэг удаагийн хуралд оролцсон, оролцоогүй нь тийм ч чухал биш. Гагцхүү улс орны зүүн хязгаарын хүн зон засаггүй, замбараагүй жил тойрчихоод байгаа нь л асуудал. Тэнд чухам юу болоод байна вэ.
ХОЙМОР ХАНХАЙСАН ТҮҮХ
2012 оны Орон нутгийн сонгуулиар тус аймагт МАН олонх болж, аймгийн намын хорооны дарга М.Бадамсүрэнг Засаг даргаар томилохоор Ерөнхий сайдад хоёронтоо уламжилсан ч Н.Алтанхуяг батламжлаагүйгээс “эзэнгүй” Дорнодын түүх эхэлсэн. Ингээд өмнөх сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан ИТХ-аас томилогдсон Засаг дарга Ц.Жанлавыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Оронд нь Засаг даргад АН-аас нэр дэвшин өрсөлдөөд олонхийн санал авч чадаагүй, аймгийн Намын хорооны дарга Д.Цэрэнчимэгийг үүрэг гүйцэтгэгчээр томилсон.Үүрэг гүйцэтгэгч гэх хуулиас гадуур албан тушаалаар төрийн тамга атгасан Д.Цэрэнчимэгийг сар гаруйн дараа үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Түүнийг томилсон нь ч, Ц.Жанлавыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь ч хуультай үл нийцсэн нь тодорхой болсон учраас томилсноо чөлөөлж, чөлөөлснөө хүчингүй болгох шийдвэрийг ар араас нь гаргасан хэрэг. Харамсалтай нь ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгож чадсан Ц.Жанлав дарга эрүүл мэндийн шалтгаанаас болж Дорнодод бус нийслэлд аж төрсөөр хэдэн сарын нүүр үзээд буй. Төрийн албанд гурваас доошгүй жил ажиллаагүй хэмээн Ерөнхий сайдад “ад үзэгдсэн” М.Бадамсүрэн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж Дээд шүүх хүртэл “заргалдаад” буй. Өөртэй нь яг адил ажлын туршлагатай хүмүүсийг Төв, Баянхонгор аймагт Засаг даргаар томилчихсон хэрнээ “Ардын намын гишүүнийх нь хувьд намайг ялгаварлан гадуурхлаа” хэмээн гоморхож яваа М.Бадамсүрэнгийн зарга хаана хүрч, хэзээ дуусахыг таашгүй.
АН-Д АСУУДАЛ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ
Гэхдээ өнгөц харахад “Ноёны бөх л туг тойрох ёстой” гэсэн дүрмээр яваад байгаа мэт харагдах Дорнодын эл асуудлыг цаана арай өөр сонирхол байсан нь цухалзах боллоо. Өөрөөр хэлбэл, Дорнод “эзэнгүй” байгаа нь Н.Алтанхуяг, М.Бадамс үрэн нараас бус аймгийн АН-ынхан өөр хоорондоо хөлөө жийл цэх болсонтой холбоотой. Уг нь асуудлыг шийдвэрлэхийн тулд Засаг даргыг МАН, Засаг даргын орлогчийг АН-аас томилохоор талууд ерөнхийдөө ойлголцсон аж. Чухам эндээс л аймгийн АН-ынхны дотоод хагарал эхэлжээ. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн АН-ын хороо Д.Цэрэнчимэг болон УИХ-ын гишүүн Р.Бурмаа гэсэн хоёр даргатай ажиллаж байна. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа аймгийн намын хорооны даргаар Д.Цэрэнчимэг сонгогдсон ч орон нутгийн сонгуулиар ялагдсаны хариуцлага үүрүүлж, түүнийг огцруулжээ. Ингээд намын хорооны дараагийн даргаар УИХ-ын гишүүн Р.Бурмааг сонгосон ч Д.Цэрэнчимэг Намын хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй Хяналтын хороондоо хандсан байна. "Ирц бүрдээгүй хуралдаанаар шийдвэр гаргасан” гэсэн түүний гомдлыг Хяналтын хороо хүлээн авч Р.Бурмааг сонгосон шийдвэрийг хүчингүй болгож, түүнийг дахин томилсон ч одоогоос сар гаруйн өмнө Д.Цэрэнчимэгийг дахин огцруулжээ. Одоо тэрбээр дахин Хяналтын хороондоо хандаж, эл асуудлыг хэлэлцэх Хяналтын хорооныхон энэ өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж байгаа аж. Р.Бурмаа, Д.Цэрэнчимэг нарын зэрэгцээ “Ханброй”-гийн гэгдэх Г.Отгонбаатар “Дорнодын Засаг дарга болбол Э.Бат-Үүл баатар шиг ажиллана” хэмээн ярьж, өнгөрөгч бямба гаригт ИТХ-ыг хуралдуулах гэж үзжээ. АН-ынхны хагарал, эрх мэдлийн төлөөх тэмцэл бүхэл бүтэн аймгийг “эзэнгүйдүүлж” байгааг намын дээд удирдлага нь анхаарах цаг хэдийнэ болж. Өнгөрсөн жил Засаггүйгээр нь далимдуулж “дээрэлхсэн” зуд энэ жил дахин айлчлахад бэлэн байгаа. Тэр үед бүрэн эрхийн хугацаа нь дууссан ИТХ-аас сонгогд сон Засаг дарга нэртэй хүнээс хариуцлага нэхэх ёстой юу.
Б.УРАН