Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ээлжит бус чуулганаар анхны хэлэлцүүлгийг нь дэмжсэн Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсгээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 18, дагал дах хуулийн төслүүдийн талаар найм, найруулгын чанартай найман санал гаргажээ. Мөн байнгын хорооны зарим гишүүн бичгээр саналаа ирүүлсэн байна. Төр нь энэ хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчид тогтворжуулах гэрчилгээ олгох замаар татварын хувь, хэмжээг тогтворжуулах, эсхүл түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах замаар татварын орчныг тогтвортой байлгах баталгаа олгох саналыг гишүү дийн олонх дэмжсэн.
Мөн газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгахыг гишүүд гар өргөн дэмжлээ. Түүнчлэн дэмжлэг авсан саналуудад 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу Засгийн газар үйл ажиллагаа явуулах орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай заалт багтав. Мөн төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр олонхийн санал авалгүй унасан зарим заалтыг Ажлын хэсэг төсөлд дахин тусгуулахаар оруулж ирснийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын саналаар шийдвэрлэснээр нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.
Харин энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан “Төрөөс эрдэс баял гийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар нам, эвслийн бүлгүүд Ажлын хэсэг гарган ажиллаж байгаа тул хойшлуулсан юм.
Б.НОМИН