Нийслэл хотноо эхэлсэн даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээний нээлтийн ажиллагаа өчигдөр “Туушин” зочид буудалд боллоо. “Улаанбаатар 2013”-д дэлхийн 12 удаагийн аварга Зоя Голубева (Латви), таван удаагийн аварга Тамара Тансыккужина (ОХУ), дөрвөн удаагийн аварга Дарья Ткаченко (Украин) тэргүүтэй 10 орны шилдэг 16 даамчин тойргийн журмаар өрсөлдөнө.
Тэмцээний бас нэг онцлог нь үндсэн тоглолтоос гадна рапид (15 мин+нүүдэл бүрт 3 сек-ийн бонус), блиц (5 мин+нүүдэл бүрт 3 сек-ийн бонус) төрлийн дэлхийн аварга цолтнууд тодорсон юм. Тодруулбал, уржигдар зохиогдсон рапид тоглолтод Украины ОУИМ Дарья Ткаченко 11 оноогоор тэргүүлж, мөн улсын ОУИМ Виктория Мотричко 10, Польшийн ОУМ Наталья Садовска 10 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртжээ.
Харин өчигдөр болсон блиц тэмцээнд ОХУ-ын ОУИМ Матрена Ноговицына 14 оноогоор аваргалж, Украины Виктория Мотричко 13, Дарья Ткаченко 12 оноогоор удааллаа. Нээлтийн ажиллагааны үеэр өнөөдөр (10.4) эхлэх үндсэн тэмцээний сугалаа болсон юм. Тэмцээн энэ сарын 15-нд өндөрлөнө.

Блиц тоглолтын мөнгөн медальт В.Мотричко, аварга М.Ноговицына,
хүрэл медальт Д.Ткаченко нар (зүүн гараас)
Р.Манлай