МАН доторх бужигнаан шинэ сар гарсаар улам эрчимжив. Энэ сарын 27-нд тус нам Их хурлаа хийж, гурван шатны сонгуульд дараалан ялагдаж, байр сууриа 180 хэм өөрчилсний хариуцлагыг удирдлагатайгаа тооцно. Намын дарга Ө.Энхтүвшин, ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нар огцрох нь ч тодорхой болоод байгаа юм. Тиймээс шинэ дарга, генсекийн төлөөх марафон тус намд өрнөж, санаархагчид ч олшров. Тэд ахмад, туршлагатай улстөрчид ба залуус гэсэн хоёр хэсэгт хуваагджээ.
МАН-д үүсээд буй уг хямралыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Хүнд хэлбэрийн ханиад” хэмээн онцолсон. Үргэлж эрх барьж явсан нам нь сөрөг хүчин болоод ирмэгц зарим хүний тар танигдаж эхэлснийг нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар ч сануулсан байна лээ. Тэгэхээр энэ уналт хэн нь хэн бэ гэдгийг танихад тэдэнд бас тус болсон бололтой. Гол нь МАН хэнийг даргаараа сонгохоос дараагийн жилүүдэд сэхэж чадах эсэх нь хамаарна.
Залуус. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-д “Шинэчилье” хөдөлгөөн байгуулагдсан. Н.Номтойбаяр нарын “нусгай” залуусыг бусад нь намаа шинэчилнэ гэхээс илүү удахгүй сулрах албан тушаалын зөөл өн сэнтийд санаархсан хэмээн хардаж, нийгэмд чамлаж байгаа. Дээрээс нь шинэчлэх хүсэлтэй залуус “Шинэчилье” нэрээ хороо, хөдөлг өөн гэсэн хоёр янзаар “ашиглаж” байгаа аж. Хөдөлгөөнийх нь ерөнхий зохицуулагчаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат (үүнд УИХ-ын залуу гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг тэргүүтэн багтсан), хорооны ерөнхий зохицуулагчаар Т.Аюурсайхан хэмээх залуу ажилладаг аж. Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах асуудал хөндсөн хэсэг нь “Шинэчилье” хороо гэнэ. УИХ-д анх удаа сонгогдсон залуу гишүүд намаа шинэчлэх нэрээр амбийц хөөж байгаа ч намын даргын суудалд бол жижигдэнэ. Тиймээс тэдний санаархал нэг их газар авахгүй. Тус намд чадварлаг боловсон хүчин дутаж байгаа, хүний нөөцийн бодлогодоо анхаарааг үйн гор одоо гарч буйг намын удирдлага, лидер гишүүд нь хүлээн зөвшөөрдөг. Эрдэм чадлаараа гэхээсээ эцгийнхээ бэл бэнчин, нэр хүндийн хүчээр улс төрд бууриа зовлонгүйхэн зассан залуу олон гэдгийг тэд ийнхүү илэрхийлж буй юм.
МАН-ын лидер улстөрчдийн нэг Ц.Нямдорж “Шинэчилье гэдэг залуусыг бишгүй л үзлээ, сонслоо. Гэхдээ энэ намыг шинэчлэх залуус байна уу гэж асуувал “Эргэлзэж байна” гэж шулуухан хэлнэ. МАН-ыг шинэчилж чадаагүй даргын үүдэнд нь сууж байсан хүн өнөөдөр өөрчлөлт хийнэ гэвэл би лав итгэхгүй” хэмээн ярьсан. Залуусын хувьд “хатгаж” чадахаас хазаж чадахгүй, тийм цаг ч ирээгүй байгаа юм.
Архагууд. Намын даргын суудлын төлөөх жинхэнэ сунгаа энэ хэсэгт болж байгаа. “Хотын” фракцын М.Энхболд дараагийн даргаар тодрох магадлал хамгийн өндөр явна. Хэдэн сонгуульд дараалан ялагдчихсан, ядаж байхад дотроо талцаж, хүндээр өвчилсөн намаа сэхээж, гишүүдээ эвлэрүүлэх ёстой гэдэг талаас нь харвал МАН бусдын арга эвийг олчихдог, аядуу зөөлөн даргатай болох хэрэгтэй. Энэ шалгуурт М.Энхболд тохирч байгаа юм. Шинэ дарга намаа чадалтай сөрөг хүчин байлгаж, унасан нэр хүндээ сэргээж, 2016 оны сонгуульд ялуулах үүрэг хүлээнэ. МАН дотроо нөлөө бүхий фракцыг тэргүүлдэг, Монгол Улсын Ерөнхий сайд байсан энэ эрхмийг дэмжих хүн намд нь олон байна. УИХ дахь бүлгийн дарга Н.Энхболдын нэр ч дуулдаж байгаа. Элдэв асуудалд орооцолдоод байдаггүй, нэр цэвэр учраас түүнд ч бас найдлага бий. Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж даргын суудалд санаатай байгаа. Хууль зүйн сайдын албыг бараг насаараа хашсан, туршлагатай улстөрч хэдий ч тэр намаа даргалж байгаагүй. Гэхдээ түүний “яхир” ааш олонхийн дэмжлэгийг дагуулна гэхэд хэцүү. Хатуу үгийг шулуухан хэлчихдэг түүнд хагарсан намаа эвлүүлэх зөөлөн зан дутна. МАН 2000-2009 оны хооронд нэг ч ялагдал хүлээгээгүй. Энэ үед жолоо атгаж байсан хүмүүсийн гавьяаг тэр нэхэж буй юм билээ.
Үүнээс гадна генсекийн албан тушаалд Сү.Батболдын зүгээс Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Цогтбаатарыг зүтгүүлж байгаа гэнэ. Мөн “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат, нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нарын нэр дуулдаж байна. Г.Занданшатар нь Гадаад харилцааны сайд байсан, уг албанд нэг их тохироог үй. Тиймээс ахин түүний нэг адил дипломатч хүн сонгоод яах вэ гэсэн хандлага нэлээд бий тул Д.Цогтбаатарт дэмжлэг дутаж мэднэ. Үүний оронд “дундаа орж” чаддаг, хөдөө гадаа ажиллахаасаа халшрахгүй, хар ажлаас шантрахгүй хүнийг сонгох ёстой гэж буй аж. Залуусын фракцын зүгээс Ж.Мөнхбатыг санал болгожээ. Сонгуулийн үеэр сурталчилгааны хамаг арга хэмжээг хөтөлсөн, яруу найрагч залууг олон нийт гайгүй сайн танина. УИХ-ын гишүүн байсан, СЕХ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гээд төрийн ажлын туршлага ихтэй Ж.Сүхбаатар боломжийн хувилбар ч дэмжих хүрээлэл нь өргөн биш байна.
Энэ сарын 1-7-нд багтаан МАН-ынхан удахгүй болох Их хурлынхаа төлөөлөгчдийг сонгоно. Их хурлын 1000 гаруй төлөөлөгч дээрх эрхмүүдийн сунгааг дуусгаж, эцсийн шийдвэрээ гаргана. МАН-ыг сэхээж чадах зөв хүнийг тодорхойлох тэдний сонголт мэргэн байг.
С.ТУУЛ