Улаанбаатар хотноо “Пума империал” зочид буудалд болж буй зуун буудалт даамын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий үндсэн тэмцээн эхэллээ. Одоогоор дөрвөн тавил тоглоод байгаа бөгөөд Украины их мастер Виктория Мотричко боломжит 8 онооноос 7-г авсан амжилтаар тэмцээнийг хошуучилж байна. Арваадхан хоногийн өмнө болж өндөрлөсөн Дэлхийн цомд түрүүлсэн Польшийн ОУМ Наталия Садовскатай тэнцэж гараагаа эхэлсэн тэрбээр Монголын гурван тамирчин Э.Мандахнаран, М.Одгэрэл, М.Нямжаргал нарыг дараалан хожсон юм. Түүний араас дэлхийн 12 удаагийн аварга Зоя Голубева (Латви), дэлхийн аварга цолыг эзэмшигч Тамара Тансыккужина (ОХУ) нар 6 оноотой нэхэж явна. Цолоо хамгаалахаар тоглож буй Тансыккужина өөрийн гол өрсөлдөгчдийн нэг Дарья Ткаченког хоёрдугаар тойрогт буулган авсан юм.
.jpg)
Харин домогт Голубева гол өрсөлдөгчидтэйгээ тэнцэж, харьцангуй чансаа сул тоглогчдоос бүтэн хоёр оноо авах тактикийг амжилттай хэрэгжүүлж буй. Тэдний ард бичигдэж буй тамирчид бол адилхан 5 оноотой БНХАУ-ын Г.Алтанхуар, манай Э.Мандахнаран, Беларусийн их мастер Ольга Федорович нар. Өвөрмонголын даамчин Гансүхийн Алтанхуар бүсгүйчүүдийн ДАШТ-ий хүрэл медальт Голландын ОУМ Хейке Верхеул, 2011 оны бүсгүйчүүдийн дэлхийн аварга БНХАУ-ын Жао Ханчин нарыг хожсон. Тэрбээр Дундад улсад зохиогдсон сүүлийн хоёр ч тэмцээнд Жао овогт бүсгүйд хожигдсон алдаагаа дэлхийн аваргын дэвжээн дээр цайруулж чадлаа.
Харин манай их мастер Э.Мандахнаран Эстонийн ДДХМ Пирет Виирмаг хожиж гараагаа эхлээд хоёрдугаар тавилдаа Мотричкод “бүдэрсэн” ч Польшийн Наталия Садовскатай тэнцэж, М.Одгэрэлийг хожсон юм. Өнөөдөр (10.07) Э.Мандахнаран М.Нямжаргал, Литвийн ОУМ Лайма Адлайте нартай тоглох хуваарьтай. ДАШТ-ий дотод журам ёсоор нэг улсын тамирчид тэмцээний эхний хагаст тоглох ёстой аж. Их мастер М.Нямжаргалын хувьд Хятад, Эстонийн мастеруудыг хүү илүү төгсгөлөөс хожиж чадаагүй нь харамсалтай. Өнөөдөр тэрбээр нутгийн хоёр даамчинтай тоглоно. Тэгвэл энэ тэмцээний хамгийн залуу оролцогч спортын дэд мастер М.Одгэрэл эхний хоёр өрөгтөө туршлагатай тоглогчидтой оноо хуваав. Ялангуяа эхний өрөгтөө Дэлхийн оюуны спортын их наадмын аварга, хүчтэй их мастеруудтай Беларусийн эрэгтэйчүүдийн аваргаар хүртэл тодорч явсан Ольга Федоровичтой тэнцсэн нь дуулиан тарьсан юм.
Цагаанаар тоглосон тэрбээр 44 дэх нүүдэл дээрээ 39-33 гэж нүүсэн бол хожих бүрэн боломжтой байсныг их мастер Г.Ганжаргал тоглолтын дараах задлан шинжилгээгээр батлан харуулсан юм. “Улаанбаатар 2013” дэлхийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээний бас нэг онцлог нь түргэн тоглолтын аваргуудыг тодруулсан бөгөөд рапид (15 мин+нүүдэл бүрт 3 сек-ийн бонус) тоглолтод Украины Дарья Ткаченко, блиц (5 мин+3 сек-ийн бонус) тоглолтод ОХУ-ын Матрена Ноговицына нар түрүүлсэн юм. Энэ төрөлд украинчууд хүчтэй гэдгээ харуулж, нийт зургаан медалийн дөрвийг нь авсан юм. Сонирхуулахад түргэн тоглолтын тэмцээн нээлттэй хэлбэрээр зохиогдсон бөгөөд блиц тоглолтын дэлхийн аварга Айгуль Идрисова (ОХУ) цолоо хамгаалахаар Уфагаас хүрэлцэн ирсэн бол манайхаас нийт 13 тамирчин оролцжээ.
.jpg)
Рапид тэмцээний дүн
1.Дарья Ткаченко (Украин) 11 оноо
2.Виктория Мотричко (Украин) 10
3.Наталия Садовска (Польш) 10
4.Ольга Балтачи (Украин) 9
5.Айгуль Идрисова (ОХУ) 9
6.Хейке Верхеул (Голланд) 9
7.Тамара Тансыккужина (ОХУ) 9
8.Матрена Ноговицына (ОХУ) 9
9.Г.Сайяа (БНХАУ) 8
10.Айыина Собакина (ОХУ) 7
11.Г.Энхтуяа (Монгол) 7
12.Жао Ханчин (БНХАУ) 7
13.Б.Нандинцэцэг (Монгол) 7
14.Э.Мандахнаран (Монгол) 7
15.Ц.Энхзаяа (Монгол) 6
16.Б.Түвшинзаяа (Монгол) 6
17.М.Одгэрэл (Монгол) 5
18.М.Нямжаргал (Монгол) 5
19.Н.Мөнхтуяа (Монгол) 4
20.У.Цэрэндолгор (Монгол) 4
21.Б.Энхсайхан (Монгол) 3
22.Э.Саранзаяа (Монгол) 2
Блиц тэмцээний дүн
1.Матрена Ноговицына (ОХУ) 14 оноо
2.Виктория Мотричко (Украин) 13
3.Дарья Ткаченко (Украин) 12
4.Наталия Садовска (Польш) 12
5.Ольга Балтачи (Украин) 11
6.Тамара Тансыккужина (ОХУ) 11
7.Айыина Собакина (ОХУ) 10
8.Айгуль Идрисова (ОХУ) 10
9.Хейке Верхеул (Голланд) 10
10.Б.Нандинцэцэг (Монгол) 10
11.Ц.Энхзаяа (Монгол) 10
12.Жао Ханчин (БНХАУ) 9
13.М.Нямжаргал (Монгол) 9
14.Н.Мөнхтуяа (Монгол) 9
15.Г.Хэрлэнмөрөн (Монгол) 8
16.Пирет Виирма (Эстони) 7
17.Э.Мандахнаран (Монгол) 7
18.Б.Түвшинзаяа (Монгол) 6
19.Г.Сайяа (БНХАУ) 6
20.Ө.Пүрэвсүрэн (Монгол) 6
21.Г.Энхтуяа (Монгол) 5
22.М.Одгэрэл (Монгол) 3
Р.Манлай