Засгийн газраас 2014 төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй. Манай улсын ирэх оны орлогыг 6.8 их наяд, зарлага долоон их наяд төгрөг, төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувьтай тэнцэх төслийг Засгийн газар боловсруулсан. Энэ талаар Сангийн сайд Ч.Улаанаас зарим зүйлийг тодрууллаа.
-Ирэх оны төсвийн онцлог ямар байх вэ. Энэ оны төсвийг уул уурхайгаас хамааралтай байдлаар төсөвлөсөн ч одоо орлого дутахаар болж байна?
-Төсвийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн боловсруулсан. Стратегийн бүтээгдэхүүний үнийн савлагаанаас ангид байж орлогоо тэнцвэржүүлэхээр тооцсон байгаа. Төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй, зарлагаа өмнөх оныхоос нэмэгдүүлэхгүй, өрийн хэмжээг ч заасан хэмжээнээс давуулахгүй байхаар боловсруулсан. Орлого бүрдүүлэхдээ эдийн засаг, санхүүгийн бодит нөхцөлийг харгалзсан. Ирэх онд татварын шинэ төрөл бий болгохгүй. Өөөрөөр хэлбэл, татварын орчин тогтвортой байхад анхаарлаа.
-Шинээр хөрөнгө оруулахгүй, тэвчиж болох зардлаа хэмнэнэ гэсэн үү?
-2014 онд төсвийн урсгал зардлыг өмнөх оныхоос таван хувиар бууруулж тооцсон. Зарлагаа аль болох хэмнэнэ. Орон тоо нэмэхгүй. Шинээр гаргах хөрөнгө оруулалтын зардлыг ч хязгаарласан.
-Төсвийн алдагдлыг ямар эх үүсвэрээс нөхөх вэ?
-Дотоодын зах зээлээ дайчилж, гадаадын зээл тусламжаар алдагдлыг санхүүжүүлнэ.
-”Тавантолгой”, “Оюутолгой” төслөөс урьдчилсан зээлсэн мөнгөний хүүг ирэх оноос төлж эхэлнэ. Төсөвт учруулах дарамтыг хэрхэн тооцов?
-Урт хугацаатай зээлсэн гадаад өр төлбөрт жилд 150 тэрбум төгрөг төлдөг. Үүнийг жил жилийн төсөвт үндсэн болон зээлийн хүүтэй нь тодорхой хэмжээгээр график гарган тусгасан учраас хүндрэл болохгүй. Харин Оюутолгойн урьдчилгаа болох 250 сая, Тавантолгойн урьдчилгаа 350 сая төгрөгийн зээлийн өрөнд ирэх оноос жилд 450 тэрбум төгрөг төлөх учраас төсөвт ачаалал ирнэ.
-Цалин, тэтгэврийг нэмэх үү?
-Цалин, тэтгэврийг нэмэхэд зориулж 200 тэрбум төгрөг тусгасан. Гэхдээ хэдэн хувиар, хэзээнээс нэмэхээ зарлахгүй. Мөн салбараас нь хамаарч нэмэгдлийн хэмжээ өөр байхаар боловсруулсан.
С.УУЛ