Гэрийн эзэгтэй бүр сайн хийж чаддаг хоолтой байдаг. Харин нарийн боов, десертээр “оролддог” эзэгтэй төдийлэн олон байдаггүй болов уу. Учир нь амттан хийхэд байгалиас заяасан хоол хийх мэдрэмжээс гадна орц, хэмжээ заасан тусгай жор зайлшгүй хэрэг болдог. Энэ удаа “Амт” булан Монголын нөхцөлд хялбар олдох, энгийн орцтой, мөн хийхэд амар нэг жорыг хүргэе. Энэ бол алимны хавчуургатай, аяган жигнэмэг, та оролдоод үзээрэй.
• Аяган жигнэмэг хийх орц:
1. Гурил - 350 гр
2. Нарийн боовны нунтаг- 1 цайны халбага
3.Давс – 1/4 /цайны халбага/
4. Элсэн чихэр – 230 мл
5. Цөцгийн тос ( давсгүй, хөргөгчнөөс урьдчилж гаргаж зөөлрүүлсэн байх шаардлагатай ) – 120 мл
6. Өндөг - 2 ширхэг
7. Сүү – 60 мл
8. Цөцгий – 60 мл
9. Нимбэгний хальс (үрүүлээр үрсэн) – 2 цайны халбага
10. Нмбэгний шүүс – 2 хоолны халбага
• Алимны хавчуурга хийх орц:
1. Улаан алим - 4 ширхэг
2. Бор элсэн чихэр - 120 мл
3. Синамон амтлагч - 1 цайны халбага
Хийх арга: 1. Шарах шүүгээг 150 хэмд халаана.
2. Дунд зэргийн саванд гурил, давс, нарийн боовны нунтгийг хийж холино.
3. Томоохон хэмжээний саванд цөцгийн тос, элсэн чихрийг цахилгаан холигчоор сэвсгэр зөөлөн болтол нь сайтар холиорой. Дараагаар нь өндгөө нэг нэгээр нь хийж, холих шаардлагатай.
4. Үүн дээр цөцгий, сүү, нимбэгний шүүс, үрсэн хальсаа нэмээд үргэлжлүүлэн холино.
5.Бэлэн болсон шингэн дээр урьдчилж бэлдсэн ( хийх арга №2 эргэж харах ) гурил, давс зэргийг хийгээд халбагаар хутгаж холино.
6. Бэлэн болсон зуурмагаа 12 ширхэгийн аяган жигнэмэг хийхэд зориулсан саванд тэнцүү хувааж шарах шүгээнд 20 мин болгоорой.
Жигнэмэг бэлэн болох хооронд алимны хавчуурга бэлдэцгээе.
1. Алимаа хальслаад, жижиглэн хэрчээрэй.
2. Хайруулын тавагт алимыг бор элсэн чихэр, синамоны хамт хийж, зөөлөн гал дээр 20 мин хэртэй болгоно.
3. Хавчуургаа гал дээрээс холдуулж хөргөх хэрэгтэй. 20 минут өнгөрсөн бол аяган жигнэмэг бэлэн болсон л болов уу. Гэхдээ баталгаатай мэдэх арга бол шүдний чигчлүүрээр хатгаж үзэх. Чигчлүүр зуурмаггүй, цэвэрхэн байвал жигнэмэг бэлэн болжээ. Болсон жигнэмэгээ 10 мин хөргөсний дараа цайны халбагаар дунд хэсгийг нь цоолж нүх гаргаарай. Тэгээд бэлдсэн алимны хавчуургаа хийгээд л таны жигнэмэг гэрийнхэн, найз нөхдөө дайлахад бэлэн боллоо. Та сайхан хооллоорой.