Нийслэл хотноо зохиогдож буй даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах 38 дахь удаагийн тэмцээн өндөрлөх шатандаа орлоо. Өчигдөр болсон 13 дахь тавилд тус тэмцээний хамгийн залуу оролцогч, спортын дэд мастер Моломжамцын Одгэрэл ДАШТ-ийг тэргүүлж явсан дэлхийн 12 удаагийн аварга, Латвийн гроссмейстер Зоя Голубеваг хожсоноор өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож орхив.
Их аварга сүүлчийн байрт яваа залуухан өрсөлдөгчөө дутуу үнэлснээс болж 28 дахь нүүдэл дээрээ комбинаци (цохилт)-д орсон бөгөөд дотор нь муухайрсны улмаас эмнэлгийн тусламж авсны дараа үргэлжлүүлэн тоглосон ч манай тамирчин төгсгөлд ямар ч алдаа гаргасангүй.
Ийнхүү Зоя Голубева хэд нүүгээд цагаа зогсоон бууж өгөхөөс өөр аргагүйд хүрсэн юм. Уг нь энэ өргийн өмнөх байдлаар Латвийн даамчны аваргалах магадлал 70-80 хувьтай байсан юм. Тэрбээр тэмцээний найм дахь тойрогт хошуучлагч Виктория Мотричкотой оноо тэнцэж, улмаар 10, 11 дэх тавилдаа дараалан хожсоноор хамгийн ойрын нэхэгчээс гурван оноогоор тасраад байв. Тэр тусмаа гол өрсөлдөгч Украины Мотричког буулгаж авсан нь түүний түрүүлэх магадлалыг эрс өсгөсөн. Тэгээд ч сүүлийн дөрвөн өрөгтөө “өрөөний анд” Лайма Адлайте, харьцангуй чансаа сул Монголын гурван даамчинтай тоглох байсан болохоор бүгд л агуу даамчныг 13 дахиа түрүүлнэ гэдэгт итгэлтэй байсан юм. Гэвч өрсөлдөгчөө дутуу үнэлэв үү, эсвэл ядарснаас болсон уу тун хариуцлагагүй тоглолоо.
Украины Дарья Ткаченкогийн хувьд сүүлийн өрөгтөө Оросын Матрена Ноговицынаг хожсон бол их аваргын бүтэлгүйтлийг ашиглан хүснэгтийг тэргүүлэх боломжтой байсан. Гэвч түргэн тоглолтын дэлхийн аварга Якутын даамчин түүнд ямар ч боломж олгосонгүй тэнцэж дөнгөв. Харин дэлхийн аварга цолыг эзэмшигч ОХУ-ын Тамара Тансыккужина манай тамирчин Э.Мандахнаранг буулгаж авснаар Ткаченкогийн адил 17 оноотой хүснэгтийн II-III байранд бичигдэх болов. Сүүлийн өргүүдийн оноолтыг нь харвал Тамара ямар ч медальд хүрэх боломжтой харагдана.
Дээрх гурвын хэн нэгнийг бяцхан алдаа гаргахад л дундуур нь шургалахад бэлэн тоглогчид бол тус бүр 16 оноотой хүснэгтийн IV-VI байранд яваа Беларусийн Ольга Федорович, ОХУ-ын Матрена Ноговицына, Украины Виктория Мотричко нар.
ОУИМ Э.Мандахнаран 12 оноотой XI байрт яваа нь манай даамчдын хамгийн өндөр амжилт болоод байна. 2012 оны Ази тивийн аварга, их мастер М.Нямжаргалын хувьд сүүлийн гурван өрөгтөө ОХУ, Голландын даамчдад дараалан хожигдсон юм. Харин тэргүүлэгчийг хожсон М.Одгэрэл байраа нэгээр ахиулжээ.

Тэмцээний явц
Тоглогч Цол Чансаа Оноо
1.Зоя Голубева (Латви) ОУИМ 2359 18
2.Тамара Тансыккужина (ОХУ) ОУИМ 2306 17
3.Дарья Ткаченко (Украин) ОУИМ 2307 17
4.Ольга Федорович (Беларусь) ОУИМ 2278 16
5.Матрена Ноговицына (ОХУ) ОУИМ 2276 16
6.Виктория Мотричко (Украин) ОУИМ 2263 16
7.Г.Алтанхуар (БНХАУ) - 2070 14
8.Айыина Собакина (ОХУ) ОУМ 2214 14
9.Хейке Верхеул (Голланд) ОУМ 2180 13
10.Наталия Садовска (Польш) ОУМ 2261 13
11.Э.Мандахнаран (Монгол) ОУИМ 2199 12
12.Лайма Адлайте (Литва) ОУМ 2228 12
13.Жао Ханчин (БНХАУ) ОУМ 2123 10
14.М.Нямжаргал (Монгол) ОУИМ 2079 8
15.М.Одгэрэл (Монгол) ДМ 2100 6
16.Пирет Виирма (Эстони) ДДХМ 2145 6
Р.Манлай