Шинэчлэлийн Засгийн газраар овоглосон “Чингис” бонд шүүмжлэл дагуулах нь бий. Тэгвэл үүнээс даруй хоёр дахин их буюу 3.2 тэрбум ам.долларын төсвийн хөрөнгө оруулалтыг сүүлийн таван жилийн хугацаанд хийснийг ээлжит “Бүтээн байгуулалтын цаг”-ийн эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг дуулгав.
Энэ удаа “Төсвийн хөрөнгө оруулалт” сэдвийн дор хурлыг зохион байгуулсан. Үүнтэй холбоотойгоор Эдийн засгийн хөгжлийн яамны Хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Г.Батхүрэл өнгөрсөн таван жилийн хугацаанд аймгуудад хэдий хэмжээний бүтээн байгуулалт хийснийг танилцуулсан.
Энэ хугацаанд нийт 150 тэрбум, 2013 оны байдлаар 57.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авсан дүнгээр Ховд аймаг толгой цохив. Тэгвэл 2003 онд Монгол Улсын нийт төсвийн хөрөнгө оруулалт 50 орчим тэрбум төгрөг байжээ. Ингэж онцолсон Засгийн газрын тэргүүн хэдхэн жилийн өмнөхтэй харьцуулахад хөрөнгө оруулалтын хэмжээ улам бүр нэмэгдэж байгаа ч үр дүн нь мөн тийм хэмжээнд хүрэхгүй байгааг анхааруулсан юм.
Яамнаас бэлтгэсэн мэдээлэлд дурдсанаар, Ховд аймгийн Жаргалант сумын ДЦС, “ДЦС-II”-ыг түшиглэсэн боловсруулсан түлшний үйлдвэр, есөн аймагт хэрэгжүүлсэн салхин сэнсний төсөл, 22-ын товчооны замын шинэчлэлийн ажил зэрэг он дамжиж төсөвт өртөг нь нэмэгддэг, ашиглалтад орсон хойноо ашиг тусаа өгдөггүй урагш муутай бүтээн байгуулалтын ажил нэлээд байгааг нэрлэсэн юм. Тиймээс ч “Шинэ сум” төслийн хүрээнд сургууль, цэцэрлэг, соёлын төв зэргийг барьж байгуулах жишиг зургийг баталж, 280 гаруй барилга, байгууламжийн зураг гаргах зардлаас 13 орчим тэрбум төгрөг хэмнэх боломжтой болсон гэв. Гэвч тэрбээр “таван жилийн хугацаанд 50 орчим тэрбум төгрөг авч, аймгаа танигдахгүй болтол өөрчилсөн” гэж Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг “арчаатай хүн” хэмээн магтахаа мартсангүй.
Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтын талаар танилцуулсан. 2013 оноос орон нутагт төсвийн эрх мэдлийг шилжүүлж, нийт 247 тэрбум төгрөг орон нутгийн хөгжлийн санд төвлөрөхөөс 209 тэрбумыг гаргаад байгаа аж. Суманд 5086, аймагт 660 төрлийн бүтээн байгуулалтын ажил хийх жагсаалт гаргаснаас бэлэн болсон заримыг нь энэ үеэр танилцуулсан юм. “Хөрөнгө оруулалтын төсвийг орон нутагт шилж үүлснээр үр ашиггүй хөрөнгө оруулалт багасах төлөвтэй байна. Энэ нь иргэдийн санал асуулгаар хамгийн өндөр санал авсан төслийг санхүүжүүлж байгаагийнх, нөгөө талаар орон нутагт гүний худаг гаргах, эмнэлэг, сургууль барих, засварлах зэрэг ажлыг Улаанбаатарт шийдэхээ больсных” гэж Ерөнхий сайд хэлж байлаа.
Б.НОМИН