УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, мөнгөний бодлого болон төсвийн тодотголын асуудлыг хэлэлцжээ. Мөнгөний бодлогын хувьд ирэх жилийн төслийг хэлэлцээд зогсохгүй мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаарх энэ жилийн тайлан, мэдээ сонсож, нэгдсэн дүгнэлтэд хүрчээ. Энэ талаар бүлгийн дарга Н.Энхболд “Төвбанк хоёр жил дараалан алдагдалтай ажиллаж байна. Энэ нь хуулиар хүлээсэн үүрэг, эрх мэдлийнхээ хүрээнд оролцох ёсгүй үйл ажиллагаанд улс төрийн шахалтаар орсны улмаас үүссэн алдагдал болов уу. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зориулж хөрөнгө гаргаснаас болж Монголбанк алдагдал хүлээвэл бонд гаргахаас өөр аргагүй байдалд хүрнэ. Бонд гаргах эсэхийг УИХ-аар хэлэлцэх хуультай. Монгол Улсын Төвбанк ямар ч тохиолдолд Засгийн газраас хараат бус, бие даасан байдлаар ажиллах ёстой” гэв. Бүлгийн даргын мэдээлснээр өнөөдрийн байдлаар манай улсын гадаад валют зургаан долоо хоногийн нөөцтэй байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6-7 дахин буурсан үзүүлэлт аж.
Харин төсвийн тодотголыг хэлэлцээд Засгийн газар боломжийг ашиглаагүй гэж дүгнэв. Энэ жилийн төсвийн гүйцэтгэлээс харахад орлого төвлөрөлт 86 хувьтай ч хөрөнгө оруулалтын ажил дөнгөж 30 хувьтай байгаа нь ийм дүгнэлтэд хүргэжээ. Өөрөөр хэлбэл, төсвийн орлого буурснаас болж хөрөнгө оруулалтын олон ажил зогсоход хүрсэн хэмээн тайлбарлаж байсан Засгийн газрын гишүүд орлогын ихэнх хэсэг нь төвлөрчихөөд байхад боломжийг ашиглаж, дорвитой хөрөнгө оруулалт хийсэнгүй гэж шүүмжлэлтэй хандаж байгаа юм.
О.ЧУЛУУНБАТ: ТӨВБАНК ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦДОГГҮЙ
Мөн энэ үеэр бүлгийн дарга Н.Энхболд “Эдийн засгийн хөгжлийн яамныхан төр эдийн засагт хэтэрхий их хутгалдаж байгаа нь хувийн хэвшлийнхэн өсөж, дэвжихэд саад болж байна” гэсэн утгатай мэдээлэл хийсэн нь анхаарал татсан юм. Учир нь Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат бүлгийн хуралдаанд мэдээлэл хийхдээ, “Үнэ тогтворжуулах хөтөлбөрт Төвбанк оролцох ёсгүй. Хөтөлбөрт оролцсоноор Монголбанк хүнд байдалд орсон” гэж хэлсэн талаар эх сурвалжууд дурдаж байсан юм. Үүнтэй холбоотойгоор нэгэн цагт Төвбанкийг толгойлж асан, туршлагатай эдийн засагч гэгддэг О.Чулуунбатаас цөөн зүйл тодруулсан юм.
-МАН-ын бүлгийн хуралдаанд мэдээлэл хийхдээ Та Монголбанкны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан гэсэн. Эдийн засагч хүний хувьд байр суурийг тань сонсох гэсэн юм.
-Сонгодог зах зээлийн эдийн засагтай улс орнуудад Төвбанк нь Үнэ тогтворжуулах хөтөлбөрт оролцдоггүй. Төвбанк ердөө Засгийн газар, эсвэл арилжааны банкуудад л зээл өгдөг. Энэ удаа Үнэ тогтворжуулах хөтөлбөрт Монголбанк шууд оролцсон нь эдийн засагт сайнаар нөлөөлж чадвал сайн л хэрэг. Муугаар нөлөөлбөл Монголбанк өндөр хариуцлага үүрэх болно.
-Хөтөлбөрийн үр дүнг та хэрхэн харж байна вэ?
-Үр дүн нь өнөөдөр мэдэгдэхгүй шүү дээ. Наад зах нь зургаан сарын дараа тодорхой болно.
-Гадаад валютын ханшийн өсөлт эл хөтөлбөрийн эхний үр дагавар байж болох уу?
-Бас нэг үр дагавар байж болно.
-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нь зөв үү?
-Эхний хөтөлбөрийн үр дүн ямар гарна, түүнээс л шалтгаална.
Б.НОМИН