“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өчигдөр болж, Н.Алтанхуяг сайд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Тэрбээр энэ сарын 22-26-нд БНХАУ-д айлчлах юм. Энэ үеэрээ баруун бүсийн үзэсгэлэн худалдаанд оролцож, зүүн бүсийн боомтуудтай танилцах гэнэ. Мөн БНХАУ-ын Ерөнхий сайдтай хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.
Айлчлалын үеэр гарын үсэг зурах нэг гол баримт нь хоёр орны хооронд стратегийн түншлэлийн дунд ба урт хугацааны хөтөлбөр. Үүнийг баталснаар Монгол, Хятад улсын харилцааны хөгжилд том ахиц гарна хэмээн Ерөнхий сайд үзэж буйгаа дуулгасан. Түүнчлэн тус улсын бизнес эрхлэгчдийн төлөөлөлд эх орныхоо эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийх аж.
-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр дүнд сөрөг хүчин сэтгэл хангалуун бус байна. Та хэрэгжүүлж буй хөтөлбөрөө хэрхэн дүгнэх вэ?
-Үндсэн таван чиглэлээр үнэ тогтворжуулахаар ажилласан. Үүнээс шатахуун болон гурилын үнийг жилийн хугацаанд 100 хувь тогтвортой байлгалаа. Цементийн үнийг эхний зургаан сардаа барьж чадсан ч сүүлийн нэг сард хэлбэлзэл өндөр болсон. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн талаар УИХ-ын чуулган дээр дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ. -Шатахууны бөөний үнэ нэмэгдсэн гэж гишүүд шүүмжлээд байна л даа. -Засгийн газар бүх төрлийн шатахууны үнийг тогтворжуулах боломжгүй. Бид ШТС-аар худалдах шатахууныхаа үнийг тогтворжуулсан. Уул уурхайн компанид шатахуун, дизель түлшээ хэдэн төгрөгөөр авахыг хянаж чадахгүй.
-УИХ энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Зураг төсөвгүй байсан олон объектыг хөрөнгө оруулалтын жагсаалтаас хассан. Зураг нь бэлэн болоогүй байхад хөрөнгө оруулах зөвшөөрөл өгсний хариуцлагыг хэн хүлээх вэ?
-Төсөвтэй холбоотой асуудал УИХ, Засгийн газар, тухайн тендерт шалгарсан компани гээд олон талд хамаатай. Бид хариуцлагатай байх ёстой. Ер нь бол энэ асуудал чинь 23 жилийн турш явсан буруу тогтолцоотой холбоотой шүү дээ.
-БНХАУ-д айлчлах үеэрээ нүүрсний үнэ, экспортын асуудлыг хөндөх үү?
-Нүүрсний хэмжээний талаар мэдээж яриа өрнүүлнэ. Үнийг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцох байх.
-Сурагчийн дүрэмт хувцсыг чанаргүй, материал нь бөөсөрдөг гээд эцэг, эхчүүд авах сонирхол бага байна. Гэтэл сургуулиуд багш нараа цалингаар нь “барьцаалж”, хүүхдүүдийн эцэг, эхэд дүрэмт хувцсыг заавал зар гэж шаардаж байгаа тухай мэдээлэл байна.
-Энэ асуудлаар өглөөний хурал дээр ярьж, холбогдох хоёр яаманд чиглэл өгсөн. Өмнө нь “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын үеэр сурагчийн дүрэмт хувцсыг танилцуулж байсан. Тэр үед үүнийг оёсон компанийн захирлаас “Асуудал гарвал буцааж болох уу, сольж өгөх үү” гэж асуухад “Тэгнэ ээ” гэж хариулж байсныг та нар санаж байгаа байх. Ирэх долоо хоногт энэ талаар ярилцана, ер нь бодитоор нь үзээгүй байж шүүмжлэх боломжгүй.
-Элчин сайд нартай цахим уулзалт хийсэн. Хилийн чанадад амьдарч буй иргэдийнхээ эрхийг хамгаалах талаар Элчин сайд нар хэрхэн ажиллаж байна вэ?
-Монгол иргэнийхээ төлөө санаа тавих нь Элчин сайдын анхаарал тавих хамгийн эхний үүрэг. Үүнийг би тэдэнд сануулсан. Өнгөрсөн тавдугаар сард Элчин сайд нартай цахим уулзалт хийж, тухайн орныхоо сайн туршлага, мэдээллийг танилцуулах үүрэг өгсөн. Түүнээс хойш орон сууцжуулах, үйлдвэр барих сайн туршлагуудыг нь судалж, мэдээллээ илгээж байгаа.
С.ТУУЛ