Үндсэн хуулийг цаг үетэйгээ нийцүүлэн өөрчилж, 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг цуцална хэмээх эрмэлзэл гурван ч Парламент дамнажээ. Гол маргаан УИХ-ын гишүүн давхар сайд хийж болох эрхийг нээсэн заалттай холбогддог юм. Ингэснээр хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын эрх мэдэл холилдсон хэмээн үздэг. Тиймээс Д.Лүндээжанцан тэрг үүтэй гишүүд “Засгийн газрын гишүүдийн гуравны нэгийг л УИХ-аас томилж болно” гэсэн төсөл боловсруулж үзсэн, гэвч газар аваагүй юм. Үндсэн хуулийг сайжруулах оролдлого үргэлжилсээр л байна. Ингэх улс төрийн ч, нийгмийн ч шаардлага бий учраас аргагүй. Тэгвэл энэ цаг үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан Үндсэн хуульд нэмэлт оруулах төсөл боловсруулж, 2000 оны “Дордохын долоон өөрчлөлт”-ийг цуцлахаар шийджээ. Тэрбээр салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдийн саналыг авч буй юм билээ. Мөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, Цэцийн гишүүнээр зөвхөн мэргэшсэн хуульчийг томилох зэрэг өөрчлөлт нэмж оруулж буй гэнэ. Гэвч “эцэг” хуулийг өөрчлөх амаргүй. Энэ эрмэлзэл гурван УИХ дамжсан түүхийг эхлээд сануулъя.
2008 он. Сонгуулийн дараа АН, МАН-ын бүлгээс Зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулахдаа Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар тохиролцов. Энэ санаачилга явсаар 2010 онд УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль баталсан. Нийтлэг эрх ашгийг хөндсөн тодорхой заалтуудыг оролдохгүйгээр бусдад нь өөрчлөлт оруулах боломжийг уг хуулиар нээсэн юм. Ингэхдээ заалт, өөрчлөлт бүрийг 76 гишүүний гуравны хоёрын дэмжлэгээр батлах босго тогтоов. Мөн нэгэнт өөрчлөлт оруулсан бол найман жилийн турш гар хүрэхгүй байхаар тусгасан. Үүний дараа УИХ-ын даргын захирамжаар 40 гаруй хүнтэй Ажлын хэсгийг гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулан байгуулав. Ажлын хэсэг улсын хэмжээнд 40 мянган хүнээс судалгаа авч, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий эсэхийг асуугаад 50 гаруй хувиас нь “Тийм” гэдэг хариу сонсчээ. Мөн Ажлын хэсэгтэй зэрэгцээд тухайн үеийн гишүүн Д.Энхбат 2000 оны долоон өөрчлөлтөөс гол “хэргийн эзэн” болсон 3-4 заалтыг онцлон цуцлах төсөл өргөн барив.
Орон нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх асуудал Үндсэн хууль “мөргөөд” таг болдог учир Орхон аймгаа хот болгох санаачилгыг Д.Дамба-Очир гаргасан. Хоёр ч хэсэг хуулийн төсөл ороод ирсэн тул түүнийг нэгтгэх хэрэгтэй болсон. Эцэст нь орон нутгийн өөрөө удирдах эрх мэдлийг нэмэх боломжийг нээж, төрийн удирдлагын оновчтой тогтолцоог боловсронгуй болгох агуулгатай төслийг дээрх Ажлын хэсгээс боловсруулжээ. Нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, баг, сумынхыг иргэд нь томилдог байхаар үүнд тусгасан юм. Мөн УИХ-ын гишүүний тоог 99 болгож нэмэх нь зөв гэж үзэв. Гэвч 2008-2012 оны УИХ үүнийг баталж “зүрхлээгүй”, дараагийн Парламентад шилжүүлсэн. 2012 он. УИХ шинээр бүрдэв. УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар Үндсэн хууль, Сонгуулийн болон Улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан боловсруулах гурван ч том Ажлын хэсэг байгууллаа. “Эцэг” хуулийг өөрчлөх Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Цог ахлах болов. Ингээд л бүх зүйл дахин шинээр эхэлж байгаа юм. Ажлын хэсэг жил гаруйн хугацаанд дорвитой хуралдсан ч үгүй. Үүнийг яаравчилъя гэж хааяа нэг гишүүд дуугарахаас хэтрээгүй явна. Юутай ч энэ асуудлаар олон улсын судалгааны баг ажиллаж буй гэнэ. Үндсэн хуулийг өөрчлөх санаачилгууд амжилтад хүрдэггүй учир Ерөнхийлөгч Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, сайд-гишүүн байх явцад гуравны нэгээр босго тогтоох төсөл боловсруулав. Үүнийг намрын чуулганаар хэлэлцэх ёстой.
Мөн гишүүн Ж.Батзандан УИХ-д сонгогдохоосоо өмнө гаргаж байсан санаачилгаа хэрэгж үүлж, Үндсэн хуульд 2000 онд оруулсан өөрчлөлтийг цуцлах төсөл боловсруулж буй юм. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр тэрбээр “Дордуулсан долоон өөрчлөлтийг цэгцлэх төсөл бэлэн болж байгаа” гэсэн юм. Харин өнөөх “дордуулсан” өөрчлөлтийг нь батлалцсан түшээдийн нэг С.Баярцогт үүнийг эсэргүүцэж, “УИХ-ын гишүүд 2000 оны өөрчлөлтийг “дордуулсан” гэж ярьдгаа болимоор юм. УИХ 66 хувийн ирцтэйгээр хуралддаг, ирц хүрэхгүй, Ерөнхий сайдаа томилж чаддаггүй байсныг энэ өөрчлөлтөөр цэгцэлсэн. Мөн УИХын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болох эрхийг л нээж өгсөн. Үүнд гуравны нэгээр босго тогтоож томилох эрх нь одоо ч УИХ-д байгаа. Сайжруулсан заалтууд бас бий шүү” хэмээн өмөөрнө лээ. Түүнтэй санал нийлэх хүн УИХ дотор цөөн боловч олдож болно, гэвч УИХ-д суудалгүй намууд, бусад улстөрч “Өөрчлөх ёстой” гэдэг дээр нэгдэж буй юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ээлжит санаачилга, ээлжит Ажлын хэсгээс үр дүн гарах эсэх нь цаг хугацааны асуудал болж байна.
С.ТУУЛ