Бүгд Найрамдах Польш улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовскийн гэргийн хамт манай улсад хийж буй айлчлал өчигдөр эхэллээ. Тэд Төрийн тэргүүний урилгаар хоёр өдөр манайд айлчлах юм. Зочдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Чингисийн талбайд угтан авч, төлөөлөгчид Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНПУ-ын Ерөнхийлөгч Бронислав Коморовскийг Төрийн ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд хүлээн авч уулзаад албан ёсны хэлэлцээ хийсэн юм.
Польшийн Ерөнхийлөгчийн айлчлалын багт бизнесийн төлөөлөл олон ирсэн аж. Хэлэлцээний үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс АОХН-ийг тэргүүлэх явцад БНПУ идэвхтэй дэмжлэг үзүүлж ажилласанд талархал илэрхийлээд, эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагаа чухлыг онцолсон байна.
БНПУ-ын Ерөнхийлөгч Б.Коморовски ардчиллыг бэхжүүлэх, ардчиллын боловсролыг дэлгэр үүлэх үйлсэд Монгол Улс амжилттай байр суурь эзэлж, АОХН-ийг амжилттай даргалж буйд болон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад гиш үүнээр элссэнд баяр хүргэж амжилт хүсэв. Энэ үеэр БНПУ-ын Шадар сайд, Эдийн засгийн сайд Я.Пехочиньски хоёр орны хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, уул уурхай, геологийн хайгуулын салбарт хамтран ажиллах талаар байр сууриа илэрхийлжээ. Мөн БНПУын Ерөнхийлөгчийн ажлын айлчлалын хүрээнд Төрийн ордны Есөн хөлт цагаан тугт танхимд Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон Польшийн Шадар сайд, Эдийн засгийн сайд Я.Пехочиньски нар Уул уурхай, уул уурхайн тоног төхөөр өмжийн салбарт хамтран ажиллах тухай Тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Үүний дараа хоёр орны Төрийн тэргүүн хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Энэ оны эхээр миний бие Польшид төрийн айлчлал хийж, хоёр орны харилцааг идэвхжүүлэх зэрэг олон чиглэлээр ярилцсан. Эрхэмсэг Ерөнхийлөгчтэй өргөтгөсөн хэлэлцээ хийж, хоёр орны харилцааны болон олон талын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. Эдийн засгийн харилцааг хөгжүүлэх талаар голлон ярилцсан. Монгол-Польшийн харилцаа, ардчиллын үнэт зүйлсийг цаашид бэхжүүлэх чиглэлд, мөн төрийн байгууллага, иргэдийн хоорондын харилцаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд бид гол анхаарлаа хандууллаа. Уул уурхай болон уул уурхайн тоног төхөөрөмжийн салбарт хамтран ажиллах тухай тунхаг бичиг чухал ач холбогдолтой” гэлээ. БНПУ-ын Ерөнхийлөгч Бронислав Коморовски “Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье. Хоёр орны Төрийн тэргүүний харилцан айлчлал чухал ач холбогдолтой юм. Польш улс төв Европын бүс нутагт ардчиллын үйл явцыг дэмжин, өрнүүлж байснаараа Монголтой адил. Ардчиллыг бэхжүүлэх тал дээр нэгдсэн хоёр орны хамтын ажиллагаа, хүчин чармайлт цаашид өөр бусад салбар хамтран ажиллах боломжийг нээж байгааг цохон тэмдэглэе. Ялангуяа эдийн засгийн салбарт хамтран ажиллах өргөн боломжийг нээж байгаа. Гэвч талууд одоогоор энэ боломжийг бүрэн дүүрэн ашиглахгүй байна. Польшийн тал Монголд хөнгөлөлттэй зээл олгох боломжийг нээлттэй болгосон. Энэхүү боломжийг бүрэн дүүрэн ашиглах нь хоёр орны харилцааг сайжруулах нэг ёсны механизм болох учиртай” гэв.
Үүний дараа Монгол-Польшийн бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт боллоо. Польш улс манай цөөнгүй боловсон хүчнийг бэлтгэж өгсөн, мөн тус улсын техник, технологи өрсөлдөх чадвар сайтай. Энэ нь хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хөшүүрэг болно гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлов. Мөн уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, барилгын үйлдвэрлэл, хүнс, эм, оёмол эдлэл, дэд бүтцийн салбарт хамтрах, хөрөнгө оруулах боломж бийг хэлээд “УИХ саяхан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Монголд хууль эрх зүйн орчин тогтвортой байна” гэсэн юм.
С.УУЛ