УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотгол, 2014 оны төсвийн төслийн талаарх Ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ. Ирэх оны төсвийн төслийн Ажлын хэсэгт Бүлгээс хэд хэдэн чиглэлээр үүрэг өгсөн байна. Энэ талаар АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Тэрбээр “Сүүлийн хэдэн жилийн турш эдийн засаг өсөхийн хэрээр данхар төсөв баталж байсан. Тэгвэл ирэх оны төсвийг бид “царцааж” байгаа. Эдийн засгийн үзүүлэлтүүдийг бодитоор авч үзэж, хариуцлагатай хандах ёстой. Уг төсөлд төрийн байгууллагуудын сандал, ширээ, тавилга сэлтийг солиход 27 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөснийг эргэн харах үүргийг Ажлын хэсэгт өглөө. Мөн ам.долларын ханшийг 1380 төгрөгөөр тооцсон нь хэр үндэслэлтэй юм, Монголбанкны прогноз, инфляцын түвшинтэй уялдуулж судал гэсэн. Хөөрөгдсөн, хэт өөдрөг төсөв батлахаас зайлсхийх ёстой. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд “Гадаад өрийн нийт хэмжээ ДНБ-ий 40-60 хувиас хэтрэхгүй байна” гээд үүнийгээ он оны төсөвт шатлалтайгаар хувьчлаад тусгачихсан. Энэ оны гадаад өр ДНБ-ий 40 хувь байх атал 50 хувьд хүрсэн учир Засгийн газраас дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналтай байгаа. 40-60 хувь гэдэг тоог ямар үндэслэлээр тогтоож, яагаад тэгш шатлалтайгаар тооцсоныг ч судлах хэрэгтэй. Ажлын хэсэг үүнийг тодруулж, судлах болно. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар хариуцлагыг бий болгохыг зорьсон. Гэхдээ энэ мэт тоон үзүүлэлт дээр үндэслэх үү гэдгийг ярих хэрэгтэй. Мөн ирэх онд төсвөөс гадуурх санхүүжилтээр хийх ажлын жагсаалтыг гаргаж өгөх үүргийг Эдийн засгийн хөгжлийн яаманд өглөө” гэв.
Түүнчлэн АН-ынхан БНХАУ-д хийх Ерөнхий сайдын айлчлалын талаар ярилцжээ. Энэ үеэр батлах олон баримт бичгээс хамгийн чухал нь Монгол, Хятадын дунд болон урт хугацааны стратегийн түншлэлийн хөтөлбөр юм. Айлчлалын үеэр шинжлэх ухаан, технологийн парк байгуулах, нүүрс гүн боловсруулахтай холбоотой асуудалд анхаарах хүсэлтийг Ерөнхий сайдад тавьсан аж. Мөн дотоодын төмөр замын транзит тээврийн асуудлыг эцэслэнэ хэмээн тэд найдаж байгаа юм билээ. АН-ын бүлгийн даргаас зарим зүйл тодрууллаа.
-Ерөнхий сайд төсвийг “авлигажсан” хэмээн тодотгосон. Авлигаас ангид төсөв хийхийн тулд юуг анхаарч байна вэ?
-Хөрөнгө оруулалт нь олон жилээр сунжирдаг, ажил нь дууссан байхад хүртэл мөнгө нэмж нэхдэг тохиолдол байна. 2006 оноос хойш барьж буй 160 барилга байна шүү дээ. Өвөрхангайд дуусчихсан хоёр ч барилга дээр мөнгө төсөвлөж оруулж ирсэн байна. Асуухаар “Зөрүү мөнгөө одоо гаргуулж авах гэж байгаа юм” гэсэн. Ард түмний мөнгөн дээр “ажиллаж”, баяждаг тогтолцоо байж таарахгүй. Энэ бүхнийг шалгана. Ерөнхий сайд энэ утгаар нь “авлигажсан төсөв” гэж хэлсэн байх.
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах эрхэд гуравны нэгээр хязгаарлалт тавих хуулийг Ерөнхийлөгч өргөн барьсан. Үүнийг дэмжиж байгаа юу. УИХ, Засгийн газрын гишүүд холилдохоор хяналт алдагдаж, төсөв ч замбараагүй болоод буй юм биш үү?
-Өнөөдөр хүчин төгөлдөр байгаа Үндсэн хуулийн заалт учраас дагахаас аргагүй. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг 2016 оноос хэрэгжүүлнэ гэвэл дэмжинэ. Өнөөдрийн тухайд Засгийн газар тогтвортой ажиллах ёстой. Мэдээж “давхар дээлтэй” байхын сөрөг тал бий. Гэхдээ УИХ Засгийн газраа хянах үүргийг биелүүлэх ёстой, тэгж чадна гэж боддог. Түүнээс биш үүгээр шалтаглан Засгийн газрыг унагах, өөр бүрэлдэхүүнтэй болгосноор улс орныг хөгжүүлнэ гэвэл худлаа.
С.ТУУЛ