Германы хоёр аялагч нутгаасаа Шинэ Зеланд хүртэл дугуйгаар аялж байна. Бүтэн жилийн турш дугуй жийж яваа тэд Монголын нутагт ирээд сар гаруй болжээ. Аялагчдыг Улаанбаатарт ирээд байхад нь уулзаж ярилцлаа. Тэднийг Алекс Габриель, Яна Халлоун гэдэг.
-Аяллынхаа талаар бидэнд сонирхуулна уу? Хэдий хугацаанд, хаагуур яваад байна вэ?
-2012 оны аравдугаар сард нутгаасаа гарсан. Монголд ирээд таван долоо хонож байна. Германаас гараад Итали, Грек, Турк, Иран, Туркменистан, Узбекистан, Казахстан, Оросоор дайраад Монголд орж ирлээ.
-Аяллын гол зорилго юу?
-Бидний зорилго Шинэ Зеландад очих. Тэнд очсоны дараа биеийн байдал сайн бол цаашаа үргэлжлүүлэн аялж магадгүй. Бас мөнгө нөлөөлнө.
-Монголын хил рүү хаагуур орж ирэв? Зуны дэлгэр цаг өнгөрсөн болохоор даарсан байх?
-Оросын Горный Алтайгаар дайраад Баян-Өлгий аймгаар орж ирсэн. Ихэнх замаа дугуйгаар тууллаа. Харин Улаангомоос Цэцэрлэг хүртэл микро автобусаар ирсэн юм. Зам муу болохоор энэ хооронд 50 цаг явсан шүү.
-Энэ урт замыг ямар дугуйгаар туулав?
-Энгийн хүн харахад жирийн л нэг дугуй. Гэхдээ рамыг нь сайн төмрөөр хийсэн. Дугуй нь 28 инчийнх. Урд талын дугуйныхаа дээр тээшээ хийх зориулалтын савтай. Бид өмнө нь маршрут гаргахдаа Монголоор дайрах уу, яах вэ гэж их бодсон. Монголд дугуйгаар явах засмал зам багатай болохоор тойроод явья гэж эхэндээ ярьсан юм. Гэхдээ сүүлд нь танай оронтой танилцаж үзэхээр шийдсэн.
-Бид хөдөө явахдаа машиндаа зөндөө юм ачих шаардлагатай болдог. Харин улс орныг дамжин дугуйгаар аялж буй та бүхний хувьд юу авч яваа бол?
-Бидний дугуй 15 кг. Харин Монголын нөхцөлд дээр нь нэмээд нэг дугуйнд 25 кг ачаа тээж явна. Монголд суурин газрууд нь хоорондоо зайтай болохоор ус, хүнсээ ихээр авч яваа. Авч явдаг гол зүйлс маань майхан, хийлдэг матрас, тогоо, хийн плитка. Тэгээд мэдээж хоол унд, хувцас байна. Бид замдаа буудалд буугаад байдаггүй. Тааралдсан газраа майхнаа босгоод унтчихдаг. Суурин газраар орвол хоол хүнс, хэрэгцээтэй зүйлээ л авдаг юм.
-Монголоор аялахад гоё сайхан нь юу байв? Бас бэрхшээлтэй зүйл хэр их тулгарав?
-Монголын байгаль үнэхээр гоё. Бас монголчуудын амьдардаг гэрийн доторх байдал өвөрмөц санагдсан. Хөдөөний малчин айлууд цаг үетэйгээ хөл нийлэн амьдарч байгаа нь харагдлаа. Телевизийн антенн, гар утас, зөөврийн компьютертэй айл олон тааралдсан. Монголчуудын аж байдал сайхан санагдлаа. Бэрхшээл тохиолдолгүй яахав. Заримдаа идэж, уух юмгүй болно. Мөн цаг агаарын нөхцөл байдал хэцүү үе ч байлаа. Жишээ нь Монголд ирэхэд цасаар шуураад маш хүйтэн байсан. Үүнд нь бид бэлтгэлгүй, нимгэн хувцастай байсан болохоор их даарсан. Гэхдээ энэ бол байдаг л асуудал. Бид Германаас гарснаас хойш өдөр бүр шинэ хүмүүс, шинэ адал явдалтай учирч байлаа.
-Ямар маршрутаар Монголоос гарах вэ? Монголын хаана нь очиж үзэхийг хүсч байна?
-Бидний зорилго Шинэ Зеланд. Харин хаагуур, яаж явахаа тухай бүрт нь ярилцаж шийддэг. Тиймээс одоо яаж явахаа хэлж мэдэхгүй байна. Бас тухайн орондоо хэд хоногийн визтэй байгаагаас шалтгаалж хурдан явах эсэхээ шийддэг. Жишээ нь Туркменистан бидэнд тав хоногийн виз өгсөн. Тэгээд бид тавхан хоногийн дотор Тус улсыг туулж гарах шаардлагатай болж байлаа. Монголд ирсний дараа хэдэн хүн говь явлаа гэхээр нь дагаж яваад үзсэн. Монгол уудам газар нутагтай улс болохоор бүтэн жил болсон ч бүрэн гүйцэд үзэж чадахгүй байх. Ямар ч байсан бид Хятадаар дайрч цаашаа явна. Гэхдээ хүйтэрч байгаа учир Хятадын ихэнх замыг галт тэргээр туулах бодолтой.
.jpg)
Тэдний явсан замын маршрут
-Нутагтаа юу хийдэг, ямар мэргэжилтэй хүмүүс вэ? Ийм хол замыг дугуйгаар туулсан болохоор тамирчид юм болов уу гэж бодлоо.
-Би гүн ухааны сургуулийг төгссөн. Мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байлаа. Харин Яна социологич мэргэжилтэй. Дугуй унах нь бидний хообий. Тамирчид биш ч гэсэн чөлөөт цагаараа дандаа спортоор хичээллэдэг. Би тулааны төрлөөр бас хичээллэдэг байсан. Өчигдөр кикбоксын клубт очиж, тоглож үзлээ.
-Шинэ Зеланд руу онгоц, машин, галт тэрэг гээд ямар ч тээврийн хэрэгслээр явж болно. Харин яагаад дугуйгаар явах эрсдэлтэй шийдвэр гаргасан юм бэ?
-Энэ санааг анх Яна гаргасан. Бид дугуй унах дуртай болохоор ийм аялал хийхээр шийдсэн юм.
-Аяллын явцад адал явдал, саад тотгор их тохиолдов уу?
-Бүтэн жилийн турш аялахад санаанд орох муухай явдал тохиолдоогүй юм байна. Мэдээж юм авах гэхээр үнийг нь хамаагүй нэмэх явдал хаа сайгүй л тохиолдоно. Бас манайд унтаж амар гэж урьчихаад маргааш нь мөнгө нэхэх явдал гарч байсан. Харин аз болоход араатан амьтан, хорон санаат хүмүүстэй тааралдаагүй. Гэхдээ байгалийн хэцүү үзэгдлүүд бидэнд нэлээн бэрхшээл учруулсан. Жишээ нь Узбекистанд маш халуун байсан. Дугуйгаа унахад ч хэцүү байлаа. Тэгээд Орост ирэнгүүт шууд сэрүүсээд эхэлж байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа.
Г.Баярсайхан