Хууль зүйн сайд Х.Тэмүүжин сэтгүүлчидтэй зангиагүй уулзаж, хууль зүйн шинэчлэлийн асуудлаар ярилцлаа. Цагдаагийн байгууллагын өнөөгийн бүтцийг сайд уруу харсан гурвалжинтай адилтгав.
Эрх мэдэл бүхий, өндөр цолтой хэсэг дарга нарын төлөө тус байгууллагын алба хаагчид ажиллаж, хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх боломж хомс байгааг онцолсон. Тиймээс бүтцийг нь өөрчилж, иргэндээ үйлчилдэг байгууллага болгохын төлөө ажиллах болно гээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Бэлгэдлийн чанартай цагдаагийн ажилтнуудыг цөөлөх тухай та ярьсан. Бодлогын хувьд зөв ч цагдаагийн бие бүрэлдэхүүнд багтан ажиллаж байсан хүмүүсийг гэнэт ажилгүй болгох нь эргээд олон асуудал үүсгэх байх?
-Тэр хүмүүсийг ажлаас нь хална гээгүй. Цагдаагийн бие бүрэлдэхүүнд багтан, цол, цалин авч байгаа бол хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх үүрэг өгсөн. Цагдаагийн ахмад цолтой, цалин авдаг хэрнээ хөдөө хувийн аж ахуйгаа эрхэлдэг байх нь шударга ёсонд нийцэх үү. Ийм олон хүн байна. Ямбыг нь эдэлж байгаа бол ялыг нь бас үүрэлцэх ёстой. Нийгмийн хэв журам сахиулах ажилд гар бие оролцдоггүй тэр хүмүүсийн ажлыг нэгжид ажиллаж буй цагдаагийн алба хаагч үүрч, ачаалал нь хэт ихдэн бухимдалтай болдог. Энэ нь иргэдэд шууд нөлөөлж, цагдаа ажлаа хийхгүй байна гэсэн ойлголт өгдөг. Үүнийг засаж залруулах ёстой.
-УИХ-ын нэр бүхий гишүүдийн тухай асуумаар байна. Гэмт хэрэг үйлдсэн гэж цагдаагийн байгууллага мэдээлэл өгөөд байхад нөгөө хүмүүс нь би гэмт хэрэг үйлдээгүй гэж хэвлэлэээр ярьж эхэлдэг. Тухайлбал Н. Номтойбаяр, Ё.Отгонбаяр нарын хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?
-Үндсэн хуульд тухайн хүн өөрийнхөө болон аав, ээж, ах дүүсийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байж болно гээд заачихсан. Тэр хүн өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэж ярих эрхийг бид хаах боломжгүй. Мөрдөн шалгах ажил хуулийн дагуу явж байгааг би хэлье.
-Саяхан цагдаагийн тусгай алба хаагчид зодолдож, нэгнийгээ гэмтээсэн. Та энэ талаар мэдээлэл авсан уу. Ямар арга хэмжээ авсан бэ?
-Цагдаагийн тусгай алба хаагч гэдэг бол зэвсэгтэй шууд харьцдаг, тусгай бэлтгэгдсэн хүмүүс. Гэтэл дээд албан тушаалын хүнийхээ хэлсэн үгийг үл ойшоон, “Би энэ газарт олон жил болсон, чи надад тушаадаг хэн бэ” гээд цохисон байсан. Ийм ёс суртахуунгүй хүн тусгай тасагт байх учиргүй болохоор түүнийг ажлаас нь чөлөөөх үүрэг өгсөн.
-ЦЕГ-ын дарга Б. Билэгт та хоёрыг ойлголцдоггүй гэсэн мэдээлэл байдаг. Таны шинэчлэлийн бодлогыг дэмждэггүй гэсэн үү. Цагдаагийнхантай уулзахад шинээр томилогдож буй дарга нартаа таагүй ханддаг юм билээ?
-Албан тушаалтан жил бүр ажлаа дүгнүүлж, дахин гэрээ хийх учиртай. Энэ хүн ажлаа хэр сайн хийж вэ гэдэг нь оны эцэст ажлын үзүүлэлтээс нь харагдана. Шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх ажилд үл ойлголцол бидний хооронд байхгүй. Томилгоотой холбоотой гомдол цагдаагийнхнаас ирсний дагуу шалгалт хийсэн. Бид дотоод хяналт шалгалтаар асуудлыг шийдэх болно.
-Цагдаагийнхан цолгүй болох тухай та олон удаа ярьж байна. Энэ хэзээнээс хэрэгжих вэ. ЦЕГ-ын даргын генерал цол ч үүнд бас хамаатай юу?
-Тийм ээ, хамаатай. Цагдааг заавал генерал хүн удирдах албагүй. Цагдаагийн алба хаагч иргэдэд үйлчилдэг болоход цол ямар хэрэгтэй юм бэ. Ямар тоот, аль дүүргийн цагдаа надад үйлчилж байгааг иргэд мэддэг байхад л хангалттай. Дэлхийн бусад орны хууль сахиулагчид цол хэрэглэдэггүй.
-“Ноёд” группын захирал Г.Буяндоржийг саатуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Түүний ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь хууль бусаар хорилоо гэдэг.
-Түүнийг хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгаж байна. Хэргийг шалгах явцад Г.Буяндорж өөрөө ч бусдад залилуулсан байж болох нөхцөл байдал үүссэн. Хуулийн байгууллагаас дуудсан цагт ирээгүй, оргон зайлсан гэдэг үндэслэлээр түүнийг цагдан хорьсоор байгаа.
-Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалангийн хүү хар тамхи зөөсөн хэрэгт холбогдоод Хятадын ардын шүүхээс ял сонссон. Түүнийг ялтан солилцох гэрээний дагуу Монголд авчрах гэж байгаа гэсэн үү?
-Хэний хүүхэд байх нь бидэнд хамаагүй. Тухайн ял эдэлж буй иргэд шоронгийн удирдлагад хүсэлт гаргасны дагуу ялтан солилцдог. Энэ хэрэг зөвхөн манай улсын шийдэх хэрэг биш. Тийм учраас бид гэрээний дагуу асуудлаа тавиад явж байгаа.
-“Жаст”-ын Ш.Батхүү хэргээ хүлээсэн гэсэн үү?
-Тэр хүн хэргээ хүлээх нь нэг асуудал. Үүний цаана Монгол Улс 140 гаруй сая ам.долларын өрөнд орчих гээд байна. Зээл өгсөн банк нь Засгийн газраас мөнгөө нэхэж байгаа. Тиймээс шалгалтыг нэлээн нарийн явуулах шаардлага гарч байна. “Би хуурамчаар гарын үсэг үйлдсэн” гэж Ш.Батхүү хэлдэг ч шинжилгээний хариу одоогоор гараагүй.
-Мөрдөн байцаагчдын ажлыг хэдэн хэрэг илрүүлснээр нь дүгнэх нь эргээд хүний эрх чөлөөнд халдан, сул дорой нэгэнд гэмт хэрэг үүрүүлэх зүй бус явдлыг дэвэргэдэг. Энэ байдлыг өөрчлөх цаг болоогүй юу?
-Хууль сахиулах ажлын тухай хууль батлагдахаар мөрдөн байцаагчийн ажлыг дүгнэх үзүүлэлт өөрчлөгдөнө. Хэдэн хэрэг илрүүлснийг ажлын үзүүлтэд оруулах ч өөр олон арга ашиглан, ажлыг нь дүгнэдэг болно.
Х.Оюунсүрэн