Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотголыг хэлэлцэв. Үүгээр хууль зүйн салбарын төсөвт ямархуу өөрчлөлт орж буйг ярьсан юм. Голдуу нэр солигдсон өөрчлөлт орсныг салбарын сайд Х.Тэмүүжин онцолсон. Түүний багц дахь төсөв нийт дүнгээрээ нэмэгдсэн ч урсгал зардал нь хасагдсан аж. ХЗЯ-ны харьяа Шүүхийн ерөнхий зөвлөлийн зардлыг тэрбум 46 сая, УПЕГ-ын зардлыг 10.1 тэрбум, ХЭҮК-оос 21 сая, АТГ-аас 46 сая, Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах үндэсний комиссын зардлаас 22.9 сая төгрөг тус тус хасахаар тодотголд тусгасан юм байна. Зардал хассан атал сайдын багцын төсөв нэмэгдсэний учрыг тэрбээр “2013 оны төсөвт нийслэлийн хэмжээнд хоёр ч Тойргийн шүүх байгуулахаар тусгасан. Нэгийг нь Баянзүрхэд, нөгөөг нь Сонгинохайрхан дүүрэгт барихаар төлөвлөсөн. Гэвч Сонгинохайрханд газар олдоогүй. Гэтэл тодотголоор энэ хоёр барилгын хөрөнгийг хасна гэж Сангийн яам хэлсэн. Бид Хан-Уул дүүрэгт Тойргийн шүүх барих газар олсон. Тиймээс үүний барилгын ажлыг эхлүүлэх мөнгийг үлдээж, үлдсэн төсвийг сайдын багц руу нэмэх хүсэлт гаргасан. Барилгын ажил нь эхлээд үлдсэнийг нь 2014 онд хийнэ. Тиймээс л сайдын багц нэмэгдэж харагдаж байгаа” гэж тайлбарлалаа.
Мөрдөн байцаах албаны барилга барихад зориулсан төсвийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгад шилжүүлэх санал тодотголд туссан аж. Үүний учрыг О.Баасанхүү асуув. Төсвийн мөнгийг зориулалтаас нь өөр зүйлд зарцуулах нь хууль бус хэмээн тэр үзсэн. Х.Тэмүүжин сайд түүнд “Энэ бол төсөл. Төсөвт тодотгол хийхдээ объектын нэрийг өөрчлөх эрх санаачлагчид нь бий. Та юу хэлэлцэж байгаагаа анхаар. Батлах, эсэх эрх нь УИХ-д бий” гэлээ. 2013 оны төсвийг батлахдаа Мөрдөн байцаах албаны барилгыг нураахад зориулж, гурван тэрбум төгрөг төсөвлөсөн юм байна. Гэтэл одоо болтол уг барилгыг ашигласан хэвээр, мөрдөн байцаагчид дотор нь ажиллаж буй, гаргах гэхээр өөр байр олдоогүй гэнэ. Тиймээс Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн байрыг ашиглая, мөрдөх албыг тийш нь шилжүүлье гэсэн аж. Тэгээд ч уг салбарынхан барилгаа хоригдлуудаар бариулчихдаг учир зардал хэмнэдэг, барилга нураахад зориулах байсан гурван тэрбум төгрөгийг ийм аргаар хэмнээд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгад болон тэрбум төгрөгийг нь тусгай тоног төхөөрөмж авахад зориулъя гэсэн юм байна. Сайд энэ талаар “Төрийн ордны арын цэцэрлэгт тэсрэх бөмбөг нуусан байхад илрүүлэх тусгай төхөөрөмж байгаагүй шүү дээ. Тиймээс ядаж тусгай хэрэгсэл, төхөөрөмжөө авъя гэж байгаа юм” гэлээ.
Д.Лүндээжанцан гишүүн “Шорон барихад дөрвөн тэрбум төгрөг тавьжээ. Өмнө нь “Ганц худаг”-т таван тэрбум төгрөг зориулсан. Нийслэлийг тойрсон шоронгийн бүтээн байгуулалт л өрнөөд байгаа юм биш үү” хэмээн асуув. Х.Тэмүүжин сайд түүнд “2013 оны төсвийг хэлэлцэж байхад улсын хэмжээнд байдаг 25 хорих ангийн урсгал зардалд 24 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан. Энд тэнд тарсан олон хорих ангийг төсөвт ачаалал өгөхгүйгээр төвлөрүүлэх замаар зардал хэмнэж болно гэж үзсэн. Ядаж л хорих ангийн дарга, нягтлан, харгалзагч гэх мэт орон тоо цөөрнө шүү дээ. Үүнд 3.5 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн. Үлдсэн 15 тэрбум төгрөгийг нь 2014 онд суулгана. Нийслэлийн эргэн тойронд 12 шорон бий. Үүнийг нэгтгэлээ гэхэд зардал 50 хувиар буурна. Тиймээс шорон бариад байна гэж бүү хандаач. Эдийн засагтаа ч, аюулгүй байдал талаасаа ч ашигтай бүтэц бий болно” гэсэн хариулт өгөв. Гэмт хэрэг илрүүлэхэд шаардлагатай лаборатори байгуулах саналыг Ц.Оюунбаатар гишүүн гаргасан. Генийн болон цусны шинжилгээ хийх лаборатори хэрэгтэй ч эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учир төсвийг нь танасан, дотоод зардлаа хэмнэх, мөнгө олох арга сүвэгчилж байгаагаа сайд ярьсан. “Авлигажсан төсөв” энэ салбарт байгаа эсэхийг асуусан гишүүнд тэр “Манайд бусад яам шиг он дамжсан барилга байхгүй. Хоригдлуудаа дайчилж бариулдаг, хурдан ч дуусгадаг учраас авлигажсан төсөв байхг үй” гэлээ. Ажил хийж олсон орлогынх нь талыг хохирол барагдуулахад, үлдсэнийг нь тухайн хоригдлыг суллагдсаных нь дараа хэрэглэхэд зориулж, дансанд байршуулдаг аж.
С.ТУУЛ