БНСУ-ын нийслэл Сөүл хотноо “Евразийн эрин дэх даян дэлхийн хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын хурал болов. Хуралд Евразийн бүс нутгийн орнуудын төр, засгийн өндөр албанд ажиллаж буй болон ажиллаж байсан хүмүүс, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож, илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлдэг.
Олон улсын энэ хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди оролцож, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар байр сууриа илэрхийлэн үг хэлэв. Н.Багабанди БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, БНСУ-ын Ерөнхий сайд Жон Хунг Вон нартай уулзаж, хоёр орны харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцжээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч, хатагтай Пак Гын Хэ олон улсын хуралд тавьсан илтгэлдээ “Нэг Еврази, энхтайван Еврази, бүтээлч хамтын ажиллагааны Еврази” гэсэн санал санаачилга дэвшүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлого, зарчмаа тодорхойлсон байна. Тэрбээр “Солонгосын Пусанаас Европ орох шинэ “Торгон замын хурдан галт тэрэг” төсөл хэрэгжүүлэх саналаа илэрхийлжээ.