Өргөн уудам газар нутаг, элбэг арвин байгалийн баялаг, цаг уурын нөхцөл байдал, дэлхийн их гүрнүүдтэй хил залган оршдог гэхчилэн Канад, Монгол хоёр улсын хооронд адил, төстэй зүйл олон аж. Канад улсын Амбан захирагч Дэвид Жонстон Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийгээд буцлаа.
Канадын Амбан захирагчийн хувьд Монголд хийж буй анхны Төрийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд тохиож байна. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Амбан захирагч Дэвид Жонстон нар албан ёсны хэлэлцээ хийсэн. Канад иргэдийг 30 хүртэл хоногийн хугацаанд Монгол Улсад визгүй зорчихыг зөвшөөрсөн ноот бичгийг Гадаад харилцааны сайд Л.Болд, Канад улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Гөүлдхок нар солилцсон юм.
Мөн хөдөөгийн малчдын амьдралын түвшинг дээшлүүлэх чиглэлээр ҮХААЯ, Канадын Арилжааны корпорац хоорондын харилцан ойлголцох санамж бичигт ҮХАА-н сайд Х.Баттулга, Элчин сайд Г.Гөүлдхок нар гарын үсэг зурав. Харин ХААИС, Канадын Саскатчеваны их сургуулийн хооронд хамтран ажиллах тухай санамж бичигт дээрх хоёр сургуулийн удирдлагууд гарын үсэг зурсан юм. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Канад улсын Амбан захирагч нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Канад руу манай иргэд урт хугацааны визээр зорчих, Канадын иргэд Монголд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломж олгож байна. Айлчлалын хүрээнд олон баримт бичигт гарын үсэг зурснаас гадна хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц, уул уурхай, эрүүл мэндийн салбарт хоёр улс хамтран ажиллах өргөн боломж байгаа талаар ярилцлаа” гэв.
Амбан захирагч Дэвид Жонстон “Бидний эдийн засгийн харилцаа, ялангуяа байгалийн нөөц ашиглалтын салбар дахь хамтын ажиллагаа харилцан ашигтай хөгжихийн зэрэгцээ бидний түншлэл илүү олон талт, өргөн хүрээтэй болж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Мөн ноён Дэвид Жонстон УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанд үг хэлсэн. Тэрбээр шүүх, төрийн алба, хууль тогтоох байгууллагуудыг хүчтэй, ил тод, үр бүтээлч байдлаар хөгжүүлэхийн чухлыг дурдаад, хоёр улс хамтдаа Монгол Улсын төрийн албаны үйлчилгээг иргэн төвтэй, ил тод, хариуцлагатай, мэргэшсэн чиглэлээр хөгжүүлэхийн төлөө боломжит урт хугацааны дэмжлэгийг эрэлхийлэн судалж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.
Б.НОМИН