Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Бүгд Найрамдах Франц улсын Гадаад хэргийн сайд, ноён Лоран Фабиус энэ сарын 25-26-нд манай улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Францын Гадаад хэргийн сайд Л.Фабиус нар албан ёсны хэлэлцээ хийж, Гадаад хэргийн сайд Л.Фабиус Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт тус тус бараалхлаа.
Энэхүү айлчлал нь Монгол, Францын хооронд 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Францын Гадаад хэргийн сайдын анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, харилцаа, хамтын ажиллагааг цаашид “иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх хүсэл эрмэлзлэлийн нотолгоо боллоо гэж үзэж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Бүгд найрамдах Франц улсын Хөдөө аж ахуй, хүнс, ойн яамыг төлөөлөн тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ив Дэлүнэ нар санамж бичигт гарын үсэг зурсан. Тус санамж бичгийг байгуулснаар Монгол Улсын сүү, махны хангамжийн тогтолцоог сайжруулах үүднээс Франц улсаас импортоор оруулж ирсэн мах, сүүний чиглэлийн үржлийн үхэр, ямааг Монгол Улсын цаг уурын нөхцөлд дасан зохицоход техник арга зүйн туслалцаа үзүүлэх, сургалт зохион байгуулах, Хөдөө аж ахуйн их сургууль болон Монголын хөдөө аж ахуйн сургалтын байгууллагуудтай Францын ижил төрлийн үйл ажиллагаатай байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр хамтран ажиллах юм. Түүнчлэн Монгол, Францын мэргэжлийн байгууллагуудын хооронд техник, технологи, арилжаа, санхүүгийн түншлэлийг дэмжиж Монгол, Франц улсын хооронд урт хугацааны, стратегийн, тогтвортой, харилцан ашигтай бизнесийн түншлэлийн суурийг бий болгоно гэж үзэж байна.