“Монголын хууль гурав хоног” хэмээх онцгүй үг зүйр цэцэн үг болох шахаж байна. Манжийн дарлалын үед монголчуудыг хагалан бутаргах, түүх соёл, өв уламжлалыг устгах санаа агуулсан хууль гарахад манайхан хэд хоногтоо хэрэгжүүлж байгаа дүр эсгэн тэгсхийгээд орхидогоос манжууд энэ үгийг гаргасан гэдэг. Тэгвэл өнөөдөр бид хэн нэгний дарлалд ороогүй ч хууль биелүүлэхээ болилоо. Бүр хууль баталсан хүмүүс нь хүртэл чихээ бөглөж, нүдээ таглаж, дүлий дүмбэ царайлж байна. Үүний нэг жишээ нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль. Энэ хуулийн 8.2-т “...аттестатчилагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад өдрийн ангид суралцаж байгаа суралцагчид суралцах хугацаанд нь сар бүр үндэсний тэтгэлэг олгоно.
Хичээлийн нэг жилд олгох үндэсний тэтгэлгийн доод хэмжээ нь арван сарын турш, сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээтэй байна” хэмээн заасан. 140400 төгрөг байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнгөрсөн сарын 1-нээс 192000 болж нэмэгдсэнийг хүн бүр мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, есдүгээр сараас оюутнууд сард 70200 биш, 91000 төгрөг авч эхлэх ёстой байв. Үндэсний тэтгэлгээс хувь бодож олгодог урамшууллын тэтгэлгийн хэмжээ нэмэгдэх нь зүйн хэрэг. Хуульд “... тэтгэлгийг сар бүр олгоно” гэж заасан ч өнгөрсөн хичээлийн жилээс улирлаар олгох болсон нь хууль зөрчиж буйн бас нэг жишээ. Одоогийн байдлаар оюутнууд тэтгэлгээ аваагүй байна.
Сургалтын төрийн сангийн ажилтнаас тэтгэлгийн хэмжээг нэмэх эсэхийг асуухад “2013 оныг дуустал оюутны тэтгэлгийг 70200 төгрөгөөр бодсон. Ирэх жил хэрхэхийг мэдэхгүй. Энэ чинь дээгүүрх хүмүүсийн мэдэх асуудал” гэв. Энэ талаар тодорхой хариулт өгөх хүн БШУЯ-наас олдсонгүй. Ямар ч байсан оюутнууд энэ жилдээ хуульд заасан хэмжээгээр тэтгэлгээ авч чадахгүй нь тодорхой болов. Засгийн газар хууль зөрчиж завшсан мөнгөө нөхөж өгөх болов уу.
Э.Эрдэнэцэцэг