МАН-ын Их хурал гурав дахь өдрөө Тусгаар тогтнолын ордонд үргэлжлэв. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун Соёлын төв өргөөний удирдлагыг “Нийслэлийн өмчийг улс төрийн намд түрээслүүлэв” гэж зэмлэсэн тул хурал Тусгаар тогтнолын ордон руу шилжсэн байна. Энэ хуралдаанаар МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатараар ахлуулсан Ажлын хэсгийн боловсруулсан намын дүрмийн 80 гаруй зарчмын болон дагалдах найруулгын шинжтэй нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн, санал хураалт явуулж баталсан байна. Хурлын дундуур экс Ерөнхийлөгч Н.Багабанди үг хэлэхдээ “МАН-ын ухрах, урагшлах, унах, босох нь бусдаас биш зөвхөн өөрсдөөс нь шалтгаална.
Төмрөөс зэв үүсээд эргээд төмрөө иддэгийн адил намын бие дээр ашиг хонжоо хайгчид, шударга бус үйлдэлтний хорт хавдар ургаж, хөлөө гэдсэндээ жийлцэн өвөр дотроо тэмцэлдвэл сульдаан доройтуулна” гэсэн бөгөөд Намын дарга болон Бага хурлын гишүүдийг сонгохдоо няхуур хандахыг сануулсан гэнэ. Үдээс өмнө МАН-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх байсан ч уг албан тушаалд нэр дэвших гол хүн М.Энхболдын аав, нэрт сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн, Монгол Улсын Ардын багш Г.Миеэгомбо таалал төгссөн тул хурал тодорхойгүй хугацаагаар хойшлов. Үдээс хойш үргэлжилсэн хуралдаанаар Намын даргад М.Энхболд, Т.Аюурсайхан нар нэр дэвшиж, Н.Энхболд нэрээ татжээ. Н.Энхболд “УИХ-д цөөнх болсон намын удирдлага, намын сонгуультны ажлын хэцүүг бие сэтгэлээрээ мэдэрч яваа хүмүүсийн нэг нь би. Хариуцлагыг нь дэндүү сайн ойлгож байна. Гэвч би зүрхшээхгүй. Энэ намд хэрэгтэй ямар нэгэн зүйл, чанар, туршлага надад байгаа гэж журмын нөхөд маань үздэг бол би зүтгэхэд хэзээд бэлэн. Энэ Их хурал эв нэгдлийн илэрхийлэл болох ёстой. Бусад улс төрийн хүчний зүрхэнд нь шар ус хуруулдаг бидний гол чанар бол манай намын бат цул эв нэгдэл.
Бид бие биеэ хайрлахгүй бол хэн биднийг дэмжих юм бэ. Улс төрд шударга, цэвэр өрсөлдөөн хэрэгтэй. Гэхдээ улс төрд хүн чанар түүнээс ч илүү чухал. Би Намын даргын өрсөлдөөнд оролцоно гэдгээ зарласан. Гэвч надад хүн чанар, намын эв нэгдэл ямар ч албан тушаалаас үнэтэй. Энэ миний ажил, амьдралын зарчим, гүн итгэл үнэмшил. Ийм учраас би энэ өрсөлдөөнөөс нэрээ татаж байна” гэж хэлжээ. Намын даргын марафонд УИХ-ын гиш үүн Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр нарын нэрийг танхимаас дэвшүүлсэн ч мөн л нэрээ татаж, М.Энхболд, Т.Аюурсайхан нарын хэнийг нь сонгох вэ гэдгийг шийдэх нууц санал хураалт 18-20 цагийн хооронд өрнөж, М.Энхболд 91 хувийн саналаар МАН-ын даргаар сонгогдов. Ийнхүү Ардын Намынхны асар ихээр итгэн хүлээж буй эрс шинэчлэлийн эхийг хатгах, үр дүнд хүргэх их ачаа М.Энхболдын нуруун дээр ирлээ.
Д.ЦАЦРАЛ