Ерөнхий сайд Н.Алтанхуяг БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үр дүнгийн талаар өчигдөр сэтгүүлчдэд танилцууллаа. Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтаа тэр өчигдөр хийсэн юм. БНХАУ-д айлчлах үеэрээ 11 бичиг баримтад гарын үсэг зурсан аж. Хоёр улсын хооронд стратегийн түншлэл тогтоох дунд болон урт хугацааны хөтөлбөр, 20 жилийн хугацаанд нэг тэрбум тонн нүүрс экспортлох, аль нэг ордыг түшиглэн нүүрс боловсруулах үйлдвэр байгуулж, нийслэлийн цахилгааны хэрэгцээг хийгээр хангах зэрэг чухал асуудлыг энэ үеэр шийдвэрлэсэн юм. Нүүрсний экспортоос дунджаар 50 тэрбум доллар олох тооцоо бий.
Мөн Ерөнхий сайд “Хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хурал хоёр жилд нэг болдог. Эдийн засгийн хөгжил хурдацтай байгаа энэ үед жилдээ нэг удаа Ерөнхий сайд нар болон Эдийн засгийн хөгжлийн сайд нарын хүрээнд уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааныхаа талаар ярьж байх саналыг би тавьсан. Хятадын Засгийн газар Монголоос жилд 300 оюутныг Засгийн газрын тэтгэлгээр сургадаг байсныг 1000 болгож нэмэгдүүлэх талаар ч ярилцлаа. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой ирэх онд болно. Энэ хүрээнд урлаг, соёлын голдуу арга хэмжээ зохион байгуулахаар ярилцлаа” гэлээ. Сэтгүүлчид түүнээс зарим зүйл тодруулсан юм.
-Айлчлалын үеэр төмөр замын царигийн талаар ярилцсан уу?
-Албан ёсоор энэ талаар яриагүй. Хоёр талын Ажлын хэсэг хуралдахдаа энэ талаар болон хил орчмын төмөр замын ачаа тээвэр зэрэг өргөн асуудлаар ярилцана.
-2013 оны төсвийг та “авлигажсан” гэж хэлсэн. Гэтэл 2014 оны төсвийн төсөл ч бас энэ тодорхойлолтыг тойрохгүй байна гэсэн шүүмжлэл гарсан. Барих газар нь тодорхойг үй объектод мөнгө төсөвл өсөн гэж үнэн үү?
-Анх төсөвт өртөг нь 200 сая төгрөг байснаа хэдэн жилийн дотор хоёр тэрбум болж өссөн ажлууд байна. Цаанаасаа төсөвт өртөг нь ингээд орж ирсэн учраас арга буюу тусгасан зүйл бий. Гэхдээ зөрүү байвал хэлэлцүүлгийн явцад засахад бэлэн байгаа.
-Цалингийн хэмжээг 40 хүртэл хувиар нэмэх ёстой гэж МҮЭ-ээс үзэж байгааг юу гэх вэ?
-Бид ирэх онд цалин нэмнэ. Гэхдээ салбар, бүтээмж зэргийг нь харгалзаж байгаад ялгавартайгаар нэмэх юм. Хэзээ, хэдэн хувиар гэдгийг нь зарлачихаар л бараа, бүтээгдэхүүний үнэ өсчихдөг, энэ алдааг давтахгүй.
-Энэ онд хэдэн тонн нүүрс экспортлох вэ. Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагааг үргэлжл үүлэх талаар ямар ахиц гарч байна?
-Талууд хэлэлцээ хийгээд ойлголцолд хүрч байгаа. Далд уурхайн үйл ажиллагааг үргэлжлүүлэх гарц, зээлийн талаар ч яриа хэлэлцээ хийж байна. Оюутолгой боломжоороо ажиллаж эхэлсэн, алт, зэс хилийн цаана хураагддагаа больж, борлуулагдаж эхэлсэн. Энэ онд нийт 23-24 сая тонн нүүрс экспортолно.
-Эрүүл мэндийн салбартай холбоотой асуудал их гарч байна. ГССҮТ-д үүссэн асуудлыг хэрхэн шийдэх юм бэ?
-Н.Удвал сайдтай энэ талаар ярилцсан, шийднэ гэсэн. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг дээ. Ер нь нэг эмнэлгийн даргын асуудлаас илүү эрүүл мэндийн салбарт хэрхэн шинэчлэл, өөрчлөлт хийх вэ гэдэгт Засгийн газар анхаарч байна. Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгийн 30 тэрбумыг энэ салбарт зориулсан. Үүгээр 11 аймагт оношлогооны төв барина. Мөн зүрхний гажигтай хүүхдүүдийг эмчлэх төв байгуулах юм.
С.ТУУЛ