“Taste of London”, “Taste of Paris”, “Taste of Chicago” зэрэг хоолны томоохон фестивалийг дэлхийн улс орнуудад жил бүр зохион байгуулж, хоолны урлагийн гайхамшиг, ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулдаг билээ. Монголын хамгийн анхны хоол, ундны “Ub food and Beverage Expo 2013” үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төвд энэ амралтын өдрүүдэд боллоо. Үнэр, амт, ааг, өнгө, найрлага нь өөр хоорондоо үл давтагдах Монгол үндэсний хоол, гахай, шувууны мах, загас, наймаалж зэрэг далай тэнгисийн бүтээгдэхүүнээр хийсэн хоол, бялуу чимэглэх, жимсээр сийлбэр хийх урлагийн төрлөөр мэргэжлийн 80 гаруй тогооч ур, чадвараа сорьж, “аваргаа” тодрууллаа.
.jpg)
Энэ үеэр нэгэн сонирхолтой бөгөөд хөгжилтэй арга хэмжээ зохион байгуулсан нь “Хамгийн богино хугацаанд хэн хамгийн их хотдог идэх вэ” тэмцээн байв. Түүнчлэн мастер тогоочийн гарын хоолыг дуудлагааар худалдаж, ресторануудын хоолыг 3000 төгрөгөөр амтлах боломжтой байв. Мэргэжлийн тогооч нар эрүүл зөв хооллолтын хичээл, гарын дорх материалаар амттай хоол хийх аргачлалын талаар төлбөргүй хичээл заасан юм.
Монгол Улсад коктейль хийх урлаг хөгжөөд удаагүй ч 2009 онд Монголын мэргэжлийн бартендерийн холбоо байгуулагдсанаар бартендерүүдийг чадвараар нь өрсөлдүүлж, шилдгийг шалгаруулж эхэлсэн.Үзэсгэлэнгийн үеэр 2013 оны Монгол Улсын шилдэг бартендер шалгаруулах тэмцээн боллоо.
Б.Бямба