Гадаад харилцааны яаманд өчигдөр болсон ”Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг орон нутагт өрнөж буй бүтээн байгуулалтын явц, орон сууцжуулах төлөвлөгөөг хөндлөө. Аймгууд шинийг санаачилж, бүтээлч ажиллаж байгаа ч таван аймаг бусдадаа үлгэр жишээ болохуйц шинэлэг ажил зохион байгуулсан гэж тэр мэдэгдэв. Тухайлбал, энэ онд Ховд аймаг анхны есөн давхар, цахилгаан шаттай орон сууцаа хүлээн авч, 600 гаруй машины зогсоол барьж, 18 мянган га талбайд ногоон байгууламж байгуулж, оны өмнө худалдааны битүү зах нээх гэнэ. Тус аймаг тавдугаар сард шинэ дулааны цахилгаан станцаа ашиглалтад оруулж, 40 мянган хүн амтай Ховд хотыг дулаанаар найдвартай хангаж, 456 айлын орон сууц барих аж. Мөн Өвөрхангай аймагт энэ онд 620 айлын орон сууц ашиглалтад орсон бөгөөд орон сууцны нэг ам метрийн үнэ нэг сая орчим төгрөгт хүрсэн байна. Арвайхээр сум энэ онд орон сууцны хорооллын хэсэгчилсэн шинэ ерөнхий төлөвлөгөө боловсруулж, 3870 айлын орон сууц, сургуулийн нэг, цэцэрлэгийн дөрвөн барилга, төрийн захиргааны байр, багийн төв, өрхийн эмнэлэг, кино театр, судалгаа шинжилгээ болон худалдаа, үйлчилгээний төвийг багтаахаар тусгасан гэнэ.
Төв аймгийнхан оны эхэнд ээрмэл утасны үйлдвэр нээж, даавууны үйлдвэрлэл хөгж үүлэхээр зорьж буй аж. Тус аймагт өнөөдөр сурагчдын дүрэмт хувцасны хоёр үйлдвэр ажиллаж байгаа гэнэ. Энэ онд ашиглалтад орсон Салхин парк, удахгүй босох “Их Майдар” цогцолбор, Хөшигийн хөндийн онгоцны буудлын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж буй эл аймагт ирэх оноос 1000 айлын орон сууцны барилгын суурь тавих ажил эхлээд байна. Аймгийн удирдлагууд хот төлөвлөлтдөө Баруун-Уртын туршлагыг хэрэгжүүлж байгаа аж. Хөдөөгийн сумдын төсвийн байгууллагууд тус тусдаа галлагаатай, энэ нь зардлыг ихэсгэдэг тул Засгийн газар улсын хэмжээнд гурван сумыг жишиг болгон шинээр барьж байгаагийн хоёр нь Баянхонгор аймагт бий. Нэгдсэн инженерийн байгууламжтай болгож, орчин үеийн технологиор тохижуулж буй “Шинэ сумын төв”-ийг энэ ондоо багтаан хүлээн авахаар зорьж байгаа аж. Тус аймагт энэ онд 520 айлын орон сууц, 43 айлын хаус шинээр ашиглалтад орсон байна.
Харин сүхбаатарчууд хот төлөвлөлтийн тал дээр улсдаа жишиг болж явна. Тус аймгийн удирдлагууд иргэдийн амьжиргааны түвшинд тохируулан олон төрөл, хэлбэрийн орон сууц барьж, хашааны газрыг ч инженерийн байгууламжтай холбосон байна. Мөн бага орлоготой иргэддээ зориулан хашааны жишиг хороолол, дунд орлоготой иргэддээ 180 айлын нийтийн орон сууц барьж, харин чинээлэг өрхүүдэд 200 орчим хаус босгож ашиглалтад оруулж дэд бүтэцтэй холбожээ. Түүнчлэн дээрх аймгууд төрийн үйлчилгээнд шинэчлэл эхлүүлж, Ховд аймагт тонн нүүрсний үнийг 120 мянгаас 80 мянган төгрөгт хүргэж бууруулсан бол Увсад шатахуун, Төв аймагт түлээний үнэ хямдарчээ. “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлэгт оролцож ажлаа танилцуулсан 21 аймгийн удирдлагуудад Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ирэх жилүүдэд барих орон сууц, барилгын төлөвлөлтөө энэ ондоо багтаан нарийвчлан гаргаж дуусгах”-ыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.