УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчл өлт оруулах төслийг Ж.Батзандан гишүүн “ард түмэнтэйгээ хамт” боловсруулж байгаа гэсэн. УИХын гишүүнийг эгүүлэн татах эрхийг сонгогчдод олгох нь төслийн гол агуулга. Сонгууль болохоор л ард түмнээс сонгогдсоноо гэнэт санаж, хөрсөн дээр газарддаг “тэнгэрийн амьтдад” хариуцлага тооцох ёстой гэж тэр үзэж байгаа юм. Үнэндээ сонгуулийн сурталчилгааны үеэр айлын хог ч шүүрдэхээс буцахгүй болж, сонгогдмогцоо тэднийг ор тас мартчихдаг эрхэм цөөнгүй. Тухайн тойргийн иргэдийг төлөөлж хууль тогтоох байгууллагад орсноо мартаад хувийн амьдралаа дээшлүүлэхэд илүү санаа тавьдаг ийм улстөрчидтэй хариуцлага тооцох механизм манайд үгүй.
Харин нөгөө эрхмийг зорилгоо биелүүлж, дөрвөн жил эрх ямба эдэлсний дараа дахин сонгохгүй байх л ганц арга бий. Тэгвэл сонгогчдын хүсэл зоригийг илэрхийлж ажиллаж чадахгүй байгаа улстөрчдийг сонгогчид нь хүсвэл эгүүлэн татдаг зохицуулалтыг дээрх хуульд шинээр оруулахаар эрхэм гишүүн ажиллаж буй аж. Төсөлдөө тэрбээр өнгөрсөн есдүгээр сараас эхлэн санал авч байгаа ч ажил нь хараахан дуусаагүй байгаа юм билээ. Саналаа авч дуусахаар Ж.Батзандан гишүүн төслөө УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ. Тэрбээр энэ талаар “Сонгох эрх эгүүлэн татах эрхтэйгээ уялдах ёстой, энэ нь Үндсэн хуультай харшлахгүй. Харин ч иргэний ардчилсан нийгэм байгуулахад чухал алхам болно” хэмээн тайлбарласан.
Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоогоор гишүүд сонгогддог болсныг ч төсөлдөө бодолцсон байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй УИХ-ын тухай хуульд гишүүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татах дөрвөн л заалт бий. Эдгээрийг хэрэгжүүлсэн тохиолдол манай парламентын түүхэнд тун ховор. Хамгийн сүүлд МАН-аас сонгогдсон гишүүн У.Хүрэлсүх хүндээр өвдс өн эхнэрээ асарч, халамжлахын тулд энэ албанаас хүсэлтээрээ татгалзсан билээ.
УИХ-ын тухай хуулийн гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болох заалт:
6.6.3. Гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан (Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХын гишүүн байхдаа бүрэн эрхээсээ татгалзаж, хуулийн байгууллагаар шалгуулж байсан нь уг заалтыг хэрэглэсэн анхны тохиолдол болсон юм)
6.6.4. Хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан (1996 оны сонгуулиар УИХ-д сонгогдсон гишүүн Н.Жанцанноров энэ заалтын улмаас жилийн дараа бүрэн эрхээ дуусгавар болгож байсан)
6.6.5. Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан.
6.6.6. Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан (“Казино”- гийн гэх хэргээр нэр бүхий гурван ч гишүүн бүрэн эрхээ хугацаанаас нь өмнө дуусгавар болгож байсан түүхтэй)
Тэгвэл эдгээр заалт дээр Ж.Батзандан гишүүн доорх зохицуулалтыг нэмж, баталсан өдрөөс нь дагаж мөрдөх хэрэгтэй гэж үзэж байгаа юм.
-Тойргоос сонгогдсон гишүүнийг тухайн тойргийн нийт сонгогчийн гуравны хоёроос доошгүй нь эгүүлэн татах нь зүйтэй гэж үзсэнийг УИХ хүлээн авсан.
-Жагсаалтаар сонгогдсон гишүүнийг тухайн намын төв байгууллагаас эгүүлэн татах санал гаргасныг УИХ хүлээн авсан бол бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө эгүүлэн татаж болно.
С.ТУУЛ