Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож, салбартай нь холбоотой асуултад хариуллаа. Гэмтлийн эмнэлэгт томилсон даргыг нь эмч нар эсэргүүцэн ажил хаяж, тэр хооронд хүний амь эрсэдсэн эмгэнэлт явдал гарсан. Үүний дараа л Н.Удвал сайдын томилсон дарга арай гэж албаа өгсөн билээ. Энэ талаар тэрбээр “ТАЗ-өөс яам бүрийн дэргэд салбар зөвлөлөө байгуулдаг. Аливаа томилгоог энэ салбар зөвлөлөөр хэлэлцэж шийддэг. Гэтэл манай яаманд Төрийн албаны зөвлөл салбараа байгуулалгүй удсан, удаа дараа бичиг өгсөн ч нэмэр болоогүй. Тиймээс ажил явуулахын тулд ГССҮТ-ийн даргыг томилсон байсан. Салбар зөвлөлөө яаралтай байгуулсны дараа шинэ даргыг томилно” гэсэн тайлбар өгөв. Тэднээс сэтгүүлчид зарим зүйл тодрууллаа.
-Ирэх оны төсөвт шинээр эмнэлэг, сургууль барихгүй гэж тусгасан. Гэтэл Түлэнхийн төвөөс эхлээд байргүй эмнэлэг олон байна. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?
Н.Удвал: -Манай салбарт нийт 47 барилга барихаас найм нь ашиглалтад орсон. 12 нь энэ ондоо багтаад дуусна. Он дамжсан олон барилга байгаа учраас ирэх оны төсвөөс хойшлуулсан. Түлэнхийн төвийн тухайд 2013 оны төсөвт найман тэрбум төгрөгөөр барихаар тусгасан ч энэ онд төсөвт өртөг нь 26 тэрбум болж өссөн. Сангийн яамныхантай ярилцаад найман тэрбум төгрөгөөр нь тендер зарласан. Одоо Түлэнхийн төвд 36 хүн эмчлүүлж байгаа.
Н.Алтанхуяг: -Төсвийн хөрөнгөөр барихаа барина, харин үүн дээр дөрөөлөн бизнес хийдгийг зогсоох ёстой. Байшин барих нь биш, өвдсөн хүмүүст тусламж үзүүлэх нь чухал атал үүгээр дөрөөлсөн шүүмжлэл их цацаж байна. Он дамжсаар удсан төрийн өмчийн барилгуудыг удахгүй дуудлагаар худалдана.
-Энэ онд 20 сая тонн нүүрс экспортолно гэсэн ч төлөвлөгөөндөө хүрээгүй яваа. Гэтэл ирэх оны төсөвт 30 сая тонн нүүрс экспортолно гэсэн байна. Мөн долларын ханшийг 1380 төгрөгөөр тооцсон зэрэг нь хэр бодитой вэ?
Н.Алтанхуяг: -Энэ онд нүүрсний үнэ буурсан учраас асуудал гарсан ч оны төгсгөлд төлөвлөгөөндөө хүрчихнэ. Ирэх онд 30 сая тонн нүүрс экспортлох боломжтой. Долларын ханш 2014 онд буурахаар байгаа, гэхдээ энэ тооны талаар ЭЗХЯ-ныхантай дахин ярина.
-Өрийн хэмжээг ДНБ-ий 50 хувьд хүргэж нэмэх гэж буйг сөрөг хүчин шүүмжилж байна?
-Зээл авахаас айх хэрэггүй шүү дээ. Бид УИХ-аас зөвшөөрсөн таван тэрбум долларын бондын үлдэгдлээс ирэх онд хоёр тэрбумыг нь гаргана. Гагцхүү түүнийгээ зөв зүйлд зарцуулах нь чухал. Хугацаандаа төлөөгүй зээл л өр болдог. Өрийн хэмжээ ДНБ-ий 50 хувьтай тэнцэх нь эмгэнэлд хүргэхгүй.
-Цалин, тэтгэврийг 40 хувиар нэмэх шаардлагыг МҮЭХ-ноос тавьсан, сөрөг хүчнийхэн ч бас ийм байр суурьтай байгаа. Цалин, тэтгэвэр нэмэхэд зориулах 200 тэрбум төгрөгийг нэмэх боломж бий юү?
-МҮЭХ-ныхонтой хэлэлцээ хийсэн, үр дүн гарч байгаа. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдтой би сая уулзлаа. Цалин, тэтгэврийг бид нэмнэ, гэхдээ хэзээ, хэдээр гэдгээ зарлахгүй. Ингэвэл бараа, бүтээгдэхүүний үнэ өсөөд бодит үр дүн гардаггүй. Цалин нэмэхээсээ илүү тухайн өрхөд бодит орлого болж байна уу гэдэг нь чухал. Нүүрсний үнийг хямдруулснаараа бид гэр хорооллын 180 мянган өрх тус бүрт жилд 600 мянган төгрөг хэмнэж өглөө. Шатахууны үнийг 50 төгрөгөөр бууруулснаар нэг айл жилд 200 мянган төгрөг хэмнэж байгаа. Энэ мэт бодит үр дүн нь чухал. Үүнийг Н.Энхболд даргад хэлсэн.
С.УУЛ