Оюутнуудад сар бүр олгож буй 70.000 төгрөгийн тэтгэлгийн хэмжээг Засгийн газар мэдэж тогтоодог байх зохицуулалтыг Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөлд тусгасан. Уг төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр УИХ-ын чуулганаар хийлээ.
Тодорхой шалгуур хангасан оюутанд тэтгэлэг өгөхийн оронд хавтгайруулж байгааг хэлэлцүүлгийн явцад гишүүд шүүмжилж байсан юм. Тэгвэл С.Баярцогт, Ц.Даваасүрэн, З.Энхболд, Д.Эрдэнэбат нарын гишүүн сургууль болон оюутанд нь тодорхой шаардлага тавьж, үүнийг хангасан тохиолдолд тэтгэлэг өгөх зарчмын зөрүүтэй санал гаргажээ. Өөрийн гэсэн байртай, багш нарын 80 хувь нь эрдмийн зэрэг цолтой, магадлан итгэмжлэгдсэн, компьютерийн лаборатори, биеийн тамирын заалтай, нийт төгсөгчдийн 50 хувь нь ажлын байртай болсон зэргээр сургалтын стандарт, шаардлага хангасан сургуулийн сурлагын амжилт үзүүлсэн оюутанд л тэтгэлэг олгох нь олон улсын жишигт нийцнэ хэмээн С.Баярцогт гишүүн тайлбарлалаа. Тэрбээр хэтэрхий олон болсон, чанартай, чанаргүй их, дээд сургуулиудыг “соёлтой хадгаламж зээлийн хоршоо” хэмээн тодорхойлсон юм. Дээрх шаардлагыг тавиад эхлэхээр энэ замбараагүй олон сургуулийн тоо цөөрч, чанараараа ялгараад ирнэ хэмээн тооцжээ. Мөн энэ бүх бэлтгэлийг хангаж 2014 оны хичээлийн жилээс хуулийг хэрэгжүүлэх саналтай байгаа аж.
Хавтгайруулах биш, тодорхой шаардлага хангасан оюутанд тэтгэлэг олгох зарчим зөв ч босго нь дэндүү өндөр байна хэмээн МАН-ын голдуу гишүүд шүүмжилсэн юм. Одоогийн байдлаар их, дээд сургуулийн төгсөгчдийн 15 хувь нь ажилтай болж байгаа учир 50 хувь гэдэг нь бодит бус босго хэмээн тэд үзсэн. Ийм өндөр босго тавьж буй нь оюутнуудад тэтгэлэг олгохоос татгалзаж, мөнгөө харамласантай адил хэмээн Н.Энхболд сануулаад “Сургууль нь дээрх шаардлагыг хангаагүйгээс болоод онц сурдаг оюутан тэтгэлэггүй үлдэх үү” гэсэн юм. Энэ тохиолдолд оюутан илүү сайн сургууль руу шилжиж, тэтгэлгээ авах боломжтой гэнэ. Их, дээд сургуулиуд эцэг, эхээс сургалтын төлбөр, оюутнууд нь хавтгайдаа төрөөс тэтгэлэг авчихаад төгсөөд ажлын байртай болсон юмгүй, татвар төлөгчдийн мөнгө дэмий урсдагийг цэгцэлнэ хэмээн санал гаргасан гишүүд онцолсон. Мөн тэр хэрээр сургуулийн чанар сайжирч, тоо цөөрөх юм. Манай улсад ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 70-80 хувь нь ямар нэгэн их, дээд сургууль барааддаг буруу жишгийг ч өөрчлөх гэнэ. Энэ хуулийн хүрээнд МСҮТ-д суралцагчдын “цалин”-г 45.000-70.000 төгрөг болгож нэмэх юм байна.
Ц.Нямдорж гишүүн “Ерөнхийлөгчийн сонгуулиар амласан зүйл чинь оюутнуудад тэтгэлэг олгох байсан. Амласан юм бол өг, үгүй бол Ерөнхийлөгч амлалтаасаа татгалзлаа гээд шуудхан зарла. Сургууль, оюутнуудад шалгуур тавих нэрээр тэтгэлгээ болих гэж байгаа юм биш үү” гэсэн юм. Ерөнхий зарчмыг нь гишүүд дэмжсэн ч 50 хувь гэсэн босгыг эргэж ярилцахаар боллоо.
С.ТУУЛ