Өчигдөр Энэтхэгийн Ченнай хотноо шатрын дэлхийн аварга цолын төлөөх Вишиванатан Ананд (Энэтхэг)-Магнус Карлсен (Норвеги) нарын халз тулаан эхэлж байна. Тэд 12 өрөг тоглох бөгөөд ялагч нь 600 мянга, ялагдсан нь 400 мянган еврогийн шагнал хүртэх юм. Германд аж төрдөг Виши Ананд тэмцээнээс долоо хоногийн өмнө Ченнайд ирсэн байна. Зуны турш дугуй жийх, усанд сэлэх зэргээр биеийн бэлтгэлдээ анхаарсан тэрбээр зургаан кг гаруй жин хаяжээ. Харин сүүлийн хоёр долоо хоног орчим Оманд амарч, сэргэлтийн бэлтгэл хийсэн Магнус Карлсен даваа гаригт Энэтхэгт хөл тавьж, өрсөлдөгчийнхөө буусан “Hyatt Regency” зочид буудалд төвхнөжээ.
Норвегийн их мастер орон нутгийн TV2 телевизэд өгсөн ярилцлагадаа багийнхнаасаа гадна эцэг эх, тогоочоо хүртэл дагуулан ирснээ дурдаад цолоо хамгаалан тоглох асар их туршлагатай Анандаас сүрдэж буйгаа өгүүлсэн байна. Нэгэн цагт Магнусын дасгалжуулагчаар ажиллаж байсан дэлхийн аварга асан Гарри Каспаров шавиа дэмжихээ илэрхийлжээ. Тэрбээр “Хэрвээ дуэль Анандын ялалтаар өндөрлөвөл тэр шатрын ертөнцөд өөрийнхөө нэр төрийг улам мөнхлөх нь дамжиггүй. Гэхдээ би Карлсеныг хожих байх гэж бодож байна. Шинэ үе шинэ аваргыг хүлээж байгаа нь ойлгомжтой. Түүний сүүлийн жилүүдэд үзүүлж буй амжилт, авьяас чадварыг нь харгалзаад үзсэн ч дэлхийн аварга болох цаг нь ирсэн. Хамгийн гол нь маш өндөр зэрэглэлийн ширүүн тэмцэл өрнөөсэй гэж хүснэм. Энэ нь шатрын цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр болно” гэж ярьсан байна.
.jpg)
Гари Кимович халз тулааны гурав, дөрөвдүгээр өргийг очиж үзэхээр төлөвлөжээ. Ийнхүү Ананд зургаа дахиа дэлхийн аварга болох уу, эсвэл дэлхийн шатрын 16 дахь аварга мэндлэх үү гэдэг нь арваннэгдүгээр сарын 28-нд тодрох нь.
ТОГЛОЛТЫН ХУВААРЬ
XI.7 Нээлтийн ажиллагаа
XI.9 I өрөг
XI.10 II өрөг
XI.11 Амралтын өдөр
XI.12 III өрөг
XI.13 IV өрөг
XI.14 Амралтын өдөр
XI.15 V өрөг
XI.16 VI өрөг
XI.17 Амралтын өдөр
XI.18 VII өрөг
XI.19 VIII өрөг
XI.20 Амралтын өдөр
XI.21 IX өрөг
XI.22 X өрөг
XI.23 Амралтын өдөр
XI.24 XI өрөг
XI.25 Амралтын өдөр
XI.26 XII өрөг
XI.27 Амралтын өдөр
XI.28 Тай-брейк
XI.28 Хаалтын ажиллагаа
М.ОРГИЛ