Сүүлийн долоон жилийн хугацаанд Аваргуудын лигт гурвантаа түрүүлж, албан бусаар дэлхийн №1 баг хэмээн цоллуулж байсан Испанийн “Барселона”-гийн хувьд өнгөрсөн улирал хар дарсан зүүд шиг л өнгөрсөн. Хэдийгээр каталончууд Ла лигтээ түрүүлж, Лео Месси дэлхийн шилдгээр дөрвөн жил дараалан тодорсон ч Эзэн хааны цомыг алдаж, заналт дайсан “Реал”-д дараалан хожигдож, Аваргуудын лигийн хагас шигшээд “Бавари”-д хоёр тоглолтын нийлбэрээр 0:7-гоор бутниргүүлсэн билээ.
Гай зовлон үүгээр дууссангүй ерөнхий дасгалжуулагч Тито Виланова нь хорт хавдрын улмаас багтайгаа гэрээгээ цуцалж, ирээдүйд Хавиг залгамжлана гэгддэг Тьяго Алькантара нь хуучин дасгалжуулагч Пеп Гвардьолагийн удирдлага дор тоглохоор Бундеслигийг зорьсон билээ. Харин Титогийн халааг авсан аргентин мэргэжилтэн Херардо Мартино ирснээр “Барса” уламжлалт тоглолтын арга барилаасаа татгалзахад хүрсэн. Үүний үр дүн ч гарч блаугруна өмсгөлтнүүд Ла лигийн эхний 12 тойрогт 11 хожиж, ердөө ганцхан удаа тэнцээд байна. Ингээд Татагийн хийж буй шинэчлэлтүүдийг авч үзье.
АЛСЫН ДАМЖУУЛАЛТ
“Барса”-гийн нэрийн хуудас болсон тоглолтын арга барил бол эцэс төгсгөлгүй дамжуулалтуудаараа өрсөлдөгчийнхөө анхаарлыг сулруулж байгаад үхлийн цохилт хийдэг тики-така хэмээх тактик. Довтлох дуртай Тата Мартино ч гэсэн Росариогийн “Ньюэлл олд Бойз” багийг дасгалжууладаг байхдаа 4-3-3 хувилбарыг ашигладаг байсан. Гэхдээ Аргентиний багийн нэг онцлог нь “Барселона” шиг үр ашиггүй олон дамжуулалт хийдэггүй. Ингэснээр цаг алдалгүй хаалганд хүрдэг ач тустай. Мартино чухам үүнийг л хэрэгжүүлэхийг хүссэн бөгөөд үүний дүр дүнд хамгаалагчид болон тулгуурын хагас хамгаалагч Серхио Бускетс нар хойноо дамжуулаад байх бус 15-25 м-ийн зайд холын дамжуулалтуудыг хийж чаддаг байх шаардлагатай тулгарсан.
БӨМБӨГ ЭЗЭМШИЛТИЙГ БАГАСГАВ
Гвардьола, Виланова нарын баг удирдсан таван улирлын турш “Барселона” бүх тоглолтод бөмбөгийг өрсөлдөгчөөсөө өндөр хувьтай эзэмшсэн. Бүр “Бавари”-д хоёр 0:7-гоор хожигдсон хоёр тоглолтод хүртэл каталончууд бөмбөгийг 60 хувьтай эзэмшсэн тооцоо гарчээ. Харин одоо 62- 70 хувьтай бөмбөг эзэмшилт нь 50-60 хувь болон буурчээ.
ӨНДӨР ХУВЬТАЙ ПРЕССИНГ
Өнгөрсөн улирлын томчуудаас ялагдал хүлээсэн тоглолтууд хувийн хамгаалалтыг тааруухан хийж байсантай шууд холбоотой. Харин шинэ улирлын эхний тоглолтуудаас ажиглаж байхад “Барселона” нягт прессинг хийж, бөмбөг алдсан тохиолдолд нэг ч секунд алдалгүй хойноос нь хөөцөлдөж байгаа дүр зургийг олонтаа харах болов. Дамжуулалт хүлээгээд сул алхалдаг Месси хүртэл бөмбөгний араас үхэн хатан зүтгэж, өрсөлдөгчийнхөө хөлд сууж байх жишээтэй.
ИНЬЕСТАГИЙН ШИНЭ ҮҮРЭГ
Өмнөх дасгалжуулагчид Фабрегас, Алькантара нарыг тоглуулахын тулд Иньестаг зүүн жигүүрт тоглуулдаг байсан. Харин Мартино Дон Андресийг арагш татаж, зүүн жигүүрийг Неймар, Тельо нарт хариуцуулсан юм. Ингэснээр сайн сэлгээ байсан Тьягогийн орон зай багт төдийлэн гарсангүй, дунд Хави, Иньеста, Фабрегас нар ээлжлэн тоглох болов. Сеск Фабрегаст талбайд өнгөрүүлэх хангалттай олон минут олдож байгаа учраас дахин хуурамч 9 номерын байрлалд тоглох шаардлага тулгарсангүй. Хэрвээ дундын шугамд гэмтэл бэртэл нүүрлэвэл хоёрдугаар багийн залуус болох Жонатан дос Сантос (Мексикийн Жованни дос Сантосын төрсөн ах), Серхи Роберто нар орлочих чадвартай гэдгээ улирлын өмнөх сорилго тоглолтуудаар хангалттай нотолсон.
ТӨВИЙН ДОВТЛОГЧООС ТАТГАЛЗАХГҮЙ
Тус багийн тэргүүн шугамд авьяаслаг олон тоглогчид байгаа ч сүүлийн гурван жил цэвэр төвийн довтлогчтой тоглоогүй. Харин төвийн хүчирхэг довтлогчтой байх нь зайлшгүй шаардлагатай гэдгийг ойлгосон Тата “Борусси Дортмунд”-ын Роберт Левандовскиг сонирхох болов. Тэр польш довтлогчийг олж ирэхгүй байсан ч тэгтлээ сэтгэлээр унахгүй биз ээ. Учир нь нөөц багийн төвийн довтлогч, 18 настай камерун жаал Донгу ямархуу тоглогч болохоо улирлын өмнөх аялан тоглолтуудад хангалттай нотлон харуулсан. Самуэль Это' О-г санагдуулам Донгу өнгөрсөн жил хоёрдугаар багийн гарааны эрхийн төлөө Серхио Араухотой өрсөлдөж, дуэль түүний ялалтаар өндөрлөснөөр аргентин залуу нутгаа зорьж, тодруулбал "Бока Хуниорс" руу буцсан билээ.
ХАМГААЛАГЧДАД МӨНГӨ ЗАРАХГҮЙ
“Севилья”-гаас авчирсан бразил хамгаалагч Адрианог Тито заримдаа төвд, хааяадаа жигүүрт тоглуулдаг байсан бол Мартино түүнийг дасаж сурсан зүүн жигүүрт нь томилсон. Ингэснээр бразил эр Хорди Альбаг орлох болов. Харин баруун жигүүрт Дани Алвес болон Монтайя, төвийн хамгаалалтад Пике, Пуйоль, Машерано, Бартра нарыг ашиглаж байна. Шинэ улирлын өмнө хөгжөөн дэмжигчид багийн удирдлагуудаас топ зэрэглэлийн төвийн хамгаалагч худалдан авахыг шаардаж байсан ч Тата Пуйолийн эргэн ирэлтэд итгэж буйгаа, залуухан Бартрад ч итгэл хүлээлгэхээ хэвлэлээр мэдэгдсэн билээ. Үүнээс өмнө Марк Бартра баг шинээр хамгаалагч авбал өөрт нь үндсэн бүрэлдэхүүний байр суурь амласан “Вильярреал”-тай холбоо тогтоож өгөхийг агентаасаа хүссэн мэдээлэл цацагдаад байв.
НЭГДҮГЭЭР БАГТ ГУРВАН ХААЛГАЧ
Мартиногийн баримталдаг зарчим бол нэг байрлал дээр олон тоглогчийг өрсөлдүүлж, тэднээс хамгийн шилдгийг нь үндсэн бүрэлдэхүүнд гаргадаг явдал. Тэр ч үүднээс хоёрдугаар багийн хаалгач Оласабалийг Вальдес, Пинто хоёртой хамт бэлтгэл хийлгэж, хааны алба халаатай гэдгийг мэдрүүлэв. Вальдес улирлыг дуусгаад багаа орхино гэдгээ мэдэгдсэн бол Пинтогийн хувьд ирэх жил нас сүүдэр 38 хүрчихнэ. Тэгэхээр 23 настай баск эрийн хувьд боломж байгаа гэсэн үг.
ҮНДСЭРХЭГ ҮЗЛИЙГ ӨӨГШҮҮЛЭХГҮЙ
Каталоны салан тусгаарлагчдын хувьд ганц итгэл найдвар нь болсон “Барселона”- гийн өмнөх дасгалжуулагч Пеп, Тито нар хэвлэлийн бага хурал дээр зөвхөн каталон хэлээр ярьдаг байв. Харин аргентин мэргэжилтэн энэ гажиг тогтолцоог халж, сэтгүүлчидтэй испаниар харьцдаг болсон нь Мадридын талыг баримтлагч хэвлэлүүдэд таалагдах болов.
Р.МАНЛАЙ