Ази, Европын уулзалт (АСЕМ)-ын Гадаад хэргийн сайд нарын 11 дүгээр уулзалт БНЭУ-ын Нью Дели хотноо энэ сарын 10-ны өдөр эхэллээ. Энэ удаагийн уулзалт “АСЕМ: Өсөлт болон Хөгжлийн төлөөх хамтын ажиллагааны гүүр” сэдвээр зохиогдож байгаа бөгөөд ОХУ, БНХАУ, БНФУ, БНСУ, ХБНГУ, БНЭУ, Европын холбоо, АСЕАН зэрэг нийт Ази, Европын 51 гишүүн орон болон олон улсын байгууллага гадаад хэргийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын түвшинд оролцож байна. Тус уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Ази-Европын уулзалт буюу АСЕМ нь Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг харилцан хүндэтгэх, эрх тэгш хамтран ажиллах зарчмын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой уулзалт бөгөөд Европын Холбооны гишүүн 27 улс, Зүүн Өмнөд Азийн Улсуудын холбоо (АСЕАН)-ны гишүүн 10 орон, Австрали, БНСУ, БНХАУ, Монгол, ОХУ, Пакистан, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон, Бангладеш болон Норвеги, Швейцар, Европын комисс, АСЕАН-ы Нарийн бичгийн даргын газар АСЕМ-ын гишүүнээр ажиллаж байна. АСЕМ нь шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд, иргэний нийгмийн зүтгэлтэн, бизнес эрхлэгчдийн сонирхсон асуудлаар санал солилцож, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр нь болдог юм. Энэ өдөр Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг БНЭУ-ын Гадаад хэргийн яамны Орлогч сайд Ашок Кандхатай хоёр талын уулзалт хийж Монгол-Энэтхэгийн харилцаа хамтын ажиллагааны талаар ярилцав.
Чингэхдээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, боловсрол, соёлын хамтын ажиллагаа, оюутан солилцоог нэмэгдүүлэх төдийгүй хоёр орны иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг асуудлаар санал солилцсон болно гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.