ИБУИНВУ-ын нийслэл Лондон хотноо 11 дүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулсан “Шинэ Торгоны Зам” чуулганд Элчин сайд Н.Тулга оролцов. Австрали Улсын Викториа мужийн Засаг захиргаа болон “Шинэ Торгоны Зам Чуулган”-аас хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд эртний торгоны замын улс орнууд болох Казакстан, Узбекистан, Тажикстан, Монгол Улсын Элчин сайд нар оролцож тухайн бүс нутаг дахь уул уурхайн салбарын хөгжил, ирээдүйн боломж, бэрхшээлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Н. Тулга энэхүү чуулганд Монгол Улсын төрөөс гадаадын хөрөнгө оруулалтын болон уул уурхайн салбарын бодлого, зохицуулалтын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын хөрөнгө оруулалтын тухай шинэ хуулийн зохицуулалт, түүний тогтвортой байдал, хөрөнгө оруулагчдад зориулсан татварын тогтвортой орчин, мөн Монгол Улсын хөрш орнуудтай болон бүс нутгийн хэмжээнд тохирсон дэд бүтэц, эрчим хүч, ашигт малтмалын салбар дахь урт хугацааны төслүүд, хамтын ажиллагааны талаарх мэдээллийг чуулганд хүрэлцэн ирсэн төлөөлөгчид ихээхэн сонирхож байлаа.
Шинэ Торгоны Зам Чуулганы энэ удаагийн арга хэмжээг Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк, Рио Тинто, Ашурст, Аконекс зэрэг олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүд дэмжин оролцсон байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.