Шатрын хаан титмийн төлөө өрсөлдөж буй Ананд-Карлсен нарын эхний тавил тэнцээгээр өндөрлөлөө. FIDEгийн ерөнхийлөгч Кирсан Илюмжинов бэлгэдлийн эхний нүүдлийг хийсний дараа хоёр өрсөлдөгч гар барилгүй тулаанаа эхэлсэн нь олны анхаарлыг татсан. Харин тэд танхимд орж ирмэгцээ гар барьсан тул дахин тэгэх шаардлагагүй байсан гэдгээ дараа нь тайлбарласан юм. Эхний өрөгт Норвегийн их мастер цагаанаар тоглосон бөгөөд 16 дахь нүүдэл дээрээ өөрөө тэнцэх санал тавьсныг дэлхийн аварга Ананд зөвшөөрсөн юм.
.jpg)
Тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр Карлсен “Ийм эхлэл дээр уг нь өрөг нэлээд удааширдаг. Харин энэ удаа их хурдан өрнөлөө. Хэдэн нүүдлийн дараагаар л надад найдвартай үргэлжлэл харагдахгүй болсон учраас нүүдлээ давтахаас өөр аргагүйд хүрсэн. Халз тоглолтод оролцох эрхээ олж авах тэмцээн дээр ч би хэдхэн нүүгээд тэнцэж байсан удаатай. Өөрөөр хэлбэл миний хувьд энгийн л зүйл. Гэхдээ би ирэх өргүүдэд та бүхэнд хагас цаг нүүхээс илүү зүйлийг харуулна аа” гэжээ. Харин Ананд “Тэр 12 дахь нүүдэл дээр Вс1 гэж нүүсэн нь намайг багагүй гайхашруулсан. Би түүнийг Qb3 гэж нүүх байх гэж таамаглаж суулаа. Тэмээний нүүдлийн дараагаар тэнцэх магадлал өндөр болсон” хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
Шатрын ертөнц тэр чигээрээ Энэтхэгийн Ченнай хот руу төвлөрсөн энэ үед мэргэжилтнүүд өөр өөрийн санаа бодлоо хуваалцаж байна. Нэгэн үе Карлсены багшаар ажиллаж байсан Гарри Каспаров шавиа дэмжихээ илэрхийлсэн бол дэлхийн 14 дэх аварга Владимир Крамник Энэтхэгийн их мастерт боломж бий гэж үзэж байна. Тэрбээр "Вишид нэг л асуудал буй нь Карлсентай сайн тоглож чаддаггүй. Сэтгэлзүйгээ өөрчилж, хожигддог гэсэн айдсаасаа салах хэрэгтэй. Хэрвээ тэр халз тоглолтын эхний хагас дахь Карлсены дайралтыг тэсвэрлэж чадах юм бол үлдсэн өргүүдэд илүү тоглох магадлалтай" хэмээн Анандад хэвлэлээр дамжуулан зөвлөгөө өгчээ.
Титмээ хамгаалан эх орондоо тоглож буй дэлхийн таван удаагийн аварга Вишиванатан Ананд, алдарт Каспаровын рекордыг эвдэн, дэлхийн чансааг тогтмол тэргүүлж буй Магнус Карлсен нарын халз тулааны шагналын сан нэг сая евро бөгөөд ялагч 60, ялагдагч 40 хувийг авах ажээ. Тэмцээний хоёр дахь тавил манай сониныг хэвлэлтэд шилжиж байхад буюу Улаанбаатарын цагаар 17.30-аас эхэлсэн юм.
.jpg)
Р.МАНЛАЙ