УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн өчигдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн төсөл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэлэлцжээ. Зураг төсөвгүй, барих газар нь тодорхойгүй, он дамжиж, төсөвт өртөг нь нэмэгдсэн объектийн хөрөнгө оруулалтыг царцаах талаар тэд АН-ын бүлэгтэй саналаа нэгтгэжээ. Ийм объектуудад гурван сарын хугацаанд нэгбүрчлэн аудит хийлгэх юм байна. Аудитын дүгнэлт гарсны дараа төсөвт өртөг нэмэгдсэн нь үндэслэлтэй объектийн хөрөнгийг тодотгол хийж шийдэхээр тохирчээ.
Ирэх оны төсөвт шинээр сургууль, цэцэрлэг, эмнэлэг барихгүй гэснийг шүүмжлэх хүмүүс бий. Тэгвэл энэ талаар “Шударга ёс” эвслийнхэн “Сургууль, цэцэрлэг барих хурд хүүхдийнхээ өсөлтийг гүйцэхгүй болчихоод байна. Нийт цэцэрлэгийн насны хүүхдийн 15 хувь нь л сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг. Бас сургууль, цэцэрлэг нэмж барихын хэрээр төсвийн урсгал зардал өсдөг. Тиймээс гэр цэцэрлэг байгуулах зэрэг илүү хурдан, бас өгөөжтэй хувилбарыг сонгох нь зөв. Үүний хувьсах зардлыг төрөөс шийдэж өгнө. Ингээд барилга барихад хуваарилсан мөнгийг нь илүү бодит зүйлд зориулах саналтай байгаа” гэлээ. Бүлгийн хуралдааных нь талаар ахлагч Н.Батцэрэгээс зарим зүйл тодрууллаа.
-Өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэх саналыг сөрөг хүчин дэмжихгүй байгаа. Танай бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-Манай улсын онцлогоос хамаараад эдийн засгаа тэлэх нь чухал байна. Үүний тулд гадаад, дотоодоод хямд хүүтэй эх үүсвэр “босгох” ёстой. Тиймээс босгыг 60 хувьд хүргэх нь зөв. Нөгөө талдаа өр нь төсөв болон эдийн засагт эрсдэл учруулахгүй байх ёстой. Тиймээс өрийн менежментээ давхар боловсруулж, Өрийн хуулиа өргөн барих учиртай.
Д.Оюунхорол: Өрийн босгыг нэмэхээс бусдаар саналаа нэгтгэсэн
УИХ дахь МАН-ын бүлгийнхэн төсвийн төсөл дээр дээрхээс бусдаар олонхтой саналаа нэгтгэснээ өчигдөр зарлав. Тус намын Бүлэг өчигдөр хуралдаад төсөв тойрсон асуудал хэлэлцсэн байна. Бүлгээс байгуулсан төсвийн Ажлын хэсгийг Д.Оюунхорол гишүүн ахалсан юм. Тэрбээр бүлгийн дэд ахлагч С.Бямбацогтын хамт өчигдөр мэдээлэл хийлээ. Урсгал зардлаас 170, хөрөнгө оруулалтаас 220 тэрбум төгрөг хэмнэж, энэ мөнгөө цалин, тэтгэврийг 30 хувь нэмэхэд зориулах боломжтой гэж Ажлын хэсэг үзжээ.
Мөн ирэх оны төсөвт долларын ханшийг 1380 төгрөгөөр тусгасныг бодит байдалтай нийцүүлэх, мөнгөний бодлогыг зах зээлийн тогтолцоотой уялдуулах нь зөв гэсэн саналтай байгаа аж. Алтны худалдаанд ил тод байдлыг хангах тухай хуулийн төсөлд нөөц ашигласны татварыг 2.5 хувь хүргэж бууруулахаар тусгасныг тэд бас эсэргүүцэж буй юм. Хуулийн зарчим зөв ч арга нь буруу гэлээ. УИХ-аас таван тэрбум төгрөгийн бонд гаргах эрхийг Засгийн газарт өгсөн. Энэ нь өрийн босгыг өндөрсгөхөд хүргэж буй юм биш үү, УИХ нэгэнт шийдвэрээ гаргачихаад одоо зөрчилдсөн зүйл ярьж болох уу гэсэн сэтгүүлчийн асуултад С.Бямбацогт “Зөрчилдсөн зүйл бий. Хэрэв өрийн босгыг 10 хувиар нэмнэ гэвэл Засгийн газарт 1.7 тэрбум, 20 хувиар нэмэх бол 3.4 тэрбум долларын бонд гаргах эрх бий болно. Өмнөх өрүүдийн хэмжээ нийлээд үндэсний аюулгүй байдалд заналхийлэхэд хүрнэ” гэлээ.
Д.Эрдэнэбат: Өрийн удирдлагын тухай хуультай болно
УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож мэдээлэл хийжээ. Тэрбээр энэ сард ирэх онд хийх томоохон төслийн бэлтгэл ажил, төмөр болон авто замын асуудлаар гишүүдэд мэдээлэл өгсөн юм байна. Туул-Сэлбэ голын дагуу барьж буй хурдны замын ажлыг дуусгаснаар Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулахад ач холбогдолтой.
Мөн Алтанбулаг-Замын-Үүдийг холбох олон улсын хурдны авто замын барилгыг эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан энэ сарын дундуур болох Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар асуудлыг хэлэлцэх нь зөв гэж Бүлгийн гишүүд санал нэгджээ. Үүнээс гадна Бүлгээс Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг яаралтай өргөн барихыг Засгийн газарт даалгасан байна. Төсвийн Ажлын хэсгүүд эрчимтэй ажиллаж, урсгал зардлаа хэмнэх, уг мөнгөө орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрүүлэхээр саналаа нэгтгэжээ. Авлигажсан хөрөнгө оруулалт, үргүй зардлаа танах учир ирэх оны төсөв эрүүл болно хэмээн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат үзэж буйгаа сэтгүүлчдэд дуулгасан.
С.УУЛ