АН-ын ҮЗХ-г хуралдуулж намын дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагыг тавьж байгаа Жигүүрийн төлөөлөгч Н.Пүрэвжавтай ярилцлаа.
-АН-д мэндэлсэн жигүүр намын удирдлагадаа шаардлага хүргүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрч. Хүргүүлсэн шаардлагаас хэрэгжиж эхэлсэн зүйл юу байна?
-Намын дүрэмд тодорхой өөрчлөлт оруулах тухай жигүүрийн шаардлагыг Намын дарга хүлээн авч, саналыг судалж, асуудлыг нэгтгэх үүргийг Ерөнхий нарийн бичгийн даргад өгсөн. Ингээд намын дөрвөн нарийн бичгийн дарга болон манай жигүүрийн төлөөлөл багтсан Ажлын хэсэг гарч намын дүрмийн заалтыг өнөөгийн нөхцөлд нийцүүлж сайжруулах 7-8 баримт бичгийг боловсрууллаа. Одоо ҮЗХ-г хуралдуулах хэрэгтэй байна. Энэ хурлаар бидний боловсруулсан баримт бичгийг хэлэлцэж батлах ёстой. Гэвч энэ асуудлыг шийдэх сонирхол намын удирдлагад ч, ҮЗХ-ны гишүүдэд ч алга байна.
Өнөөдөр АН-ын дүрмийг сөхөөд харвал намын Хяналтын ерөнхий хороо, Бодлогын зөвлөл, ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөл, Хэрэг эрхлэх газар бүгд эрх зүйн чадамжгүй болсныг мэдэж болно. Тодорхой хугацааны дараа бүрэн эрх нь дуусдаг ҮЗХ гэхэд ротацийн сонгуулийг гурван жил явуулсангүй. ҮЗХ-ны гишүүдийн 2/3 хувийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусч, 180 орчим гишүүн ротацийн сонгуульд ороход бэлэн байхад намын удирдлага, ҮЗХ-ны гишүүд өнөөдрийг хүртэл өөрсдийгөө дархлах хүсэлдээ хөтлөгдөөд энэ хурлыг зарлахгүй байна гэж ойлгож болно. Үндсэндээ сүүлийн 3-4 жилд АН-ын удирдлагыг цөөн тооны хэдэн нөхөр атгачихаад, нам дотор явагддаг эрүүл саруул уур амьсгалыг тасалж, намын доторх чөлөөт сонгуулийг хаачихаад байна.
-АН-ын дотоод ардчилал алдагдсан, намын удирдлагыг гартаа атгаж байгаа хэсэг хүмүүсийн бөөгнөрөл болсон гэж үзэж байгаа хэрэг үү?
-Намын удирдлага нэгдүгээрт, сонгууль ойртож байгаа үед дотроо сонгууль явуулж, хэрэлдэж бужигнаад яахав, хүчээ нэгтгэх нь зөв гэж хойшлуулсаар ирсэн. Нөгөө талаар удахгүй Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдэнэ. Энэ өөрчлөлтөөр улс төрийн намын гишүүнтэй, гишүүнгүй байх асуудал шийдэгдэнэ. Тэр үед намын дүрэмд нэг мөсөн өөрчлөлт оруулна, жаахан хар гэдэг юм. Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа тулбал намууд заавал зөвшилцөх ёстой. Тэгээд ч улс төрийн нам гишүүнчлэлгүй болох асуудал ойрын арван жилд хэрэгжихгүй нь харагддаг. Уг нь бол үндэсний хэмжээний, засгийн эрх барьж байгаа энэ намд ёс зүйн хэм хэмжээ мөрдөгдөх ёстой. Энэ нам гишүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлчихээд дараа нь нийгэмд болж байгаа, болохгүй байгаа асуудлаа ярих ёстой байх. Тийм учраас жигүүрийнхэн АН-д хэрэгжиж байсан тоглоомын дүрэм, намын дотоод ардчиллыг сэргээ, зөвхөн өөрсдөдөө ашигтай байдлаар хориг саад хийсэн шийдвэрээ цуцал гэсэн 7-8 шаардлагыг тавьж байгаа. Түүнээс биш бид намыг шинэчлэх нэрээр дотор нь бужигнуулахыг зорилго болгоогүй. Энгийнээр хэлэхэд “Би даам гаргаж болно, чи бол болохгүй” гэсэн зарчим шударга биш байх аа. ҮЗХ-гоор хэлэлцүүлэхээр бэлтгэсэн намын бодлогын баримт бичгийн нэг нь “Улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх журам” байгаа. Энэ журамд жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон хүнийг дахин жагсаалтаар УИХ-д нэр дэвшүүлэхгүй. Тойрогт нэр дэвшиж болно гэх заалтууд орсон байгаа.
-Намын “амьд” хөдөлгөөнийг дэмжих ёстой гэсэн жигүүр, үүнийг ойшоож үзээгүй эрх мэдэлтний дунд үүссэн зөрчил нь МАНд нэр хүнд унах, сонгуульд өвдөг шороодох шалтгаан болсон. АН-д мэндэлсэн жигүүр, намын удирдлагын жигүүртээ хандах байдал энэ түүхийг санагдуулаад байна л даа. Харин таны байр суурь ямар байна вэ?
-Улс төрийн намын гишүүн хүн төрийн ажилд оролцох эрхгүй. Энэ хууль хэрэгжээд эхэлсэн чинь төрийн алба руу намын гишүүд биш, төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсийн ах дүү, хамаатан садан шургалдаг гажиг тогтолцоо бий болж. Энэ цоорхойгоор намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар “А” ч байхгүй хүмүүс төрийн албанд орж ирдэг болж. Тэр хүмүүс ямар замаар гарч ирсэн, тэр замаа л цааш нь үргэлжлүүлнэ үү гэхээс, АН ард түмний өмнө юу амласан, намын гишүүдийн өмнө ямар үүрэг хүлээсэн бэ гэдгийг мэддэггүй. Ингээд жирийн гишүүдийн эгдүүг хүргэж, цаашлаад намын нэр хүнд унахад нөлөөлж байгаа юм. Тэд ажлаа намын гишүүдэд тайлагнахгүй. Харин бид бол намын мөрийн хөтөлбөрийг ямар нэг хэмжээгээр хэрэгжүүлэх гэж томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга, Яамдын газрын дарга нарын тайланг заавал сонсох ёстой гэж үзэж байгаа. Энэ саналуудаа хэлэлцүүлэгт бэлтгэсэн.
Мэдээж хэрэг, үүнийг ҮЗХ-ны хурлаар авч хэлэлцэж, шийдэх учиртай. Гэвч Намын дарга өөрөө шийдчих ёстой энэ асуудлыг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй байна л даа. Манай жигүүр намын дүрмийг тодорхой болгох энэ мэт олон шаардлагыг тавьсан. Түүнээс биш өлсгөлөн зарлаж, лоозон барьж, намын байр, төрийн ордны гадаа зогсох хүсэл бидэнд алга. Гэхдээ нэгэнт намын дүрэм үйлчлэхгүйд хүрэх юм бол бид дүрэмгүй тоглолт хийхээс аргагүй. Одоо хэрэгжихгүй байгаа намын дүрмээ намын байранд аваачиж оршуулж, салах ёс гүйцэтгээд дүрэмгүй тоглоход болохгүй юм байхгүй. Бидний зүгээс тавьсан шаардлагыг хүлээж авахгүйгээр дүрэмгүй “тулаан”-д орох сонирхол тодорхой хүмүүст байгаа бол бид татгалзахгүй.
-Жигүүрийг дэмжигчид хэр олон байгаа вэ?
-Жигүүрийг 15 хүн үүсгэн байгуулсан. Байгуулагдаад нэг удаагийн уулзалт зохиоход ердийн зараар 300 орчим хүн цугларч байна лээ. Идэвхтэй үйл ажиллагаа явуулбал илүү өргөн хүрээг хамарч чадна. Орон нутгаас салбар байгуулъя гэсэн санаачилга ирж байгаа ч бид олон хүн цуглуулаад нэг том фракцтай болохыг биш, намын хөдөлгөөнийг “амьд” болгож, дүрэм журмаа цэгцлэхийг илүүд үзэж байгаа.
-Хоёр өдрийн өмнө Р.Амаржаргал УИХын гишүүнээс татгалзах хүсэлтээ өгсөн. Ж.Батзандан бас түүнтэй ижил алхам хийхэд болохгүй юм байхгүй гэж мэдэгдсэн байна. Засгийн эрх барьж байгаа улс төрийн намын гишүүд УИХ-аас татгалзаж байна гэдэг нь АН доторх зөрчил хурцдаж буйг харуулж байгаа биш үү?
-УИХ-д намын жагсаалтаар биш, тойрогт явагдсан өрсөлдөөнөөр сонгогдож, намд суудал авчирсан, туршлагатай улстөрч, улс орны ирээд үйг багцалсан, Ерөнхий сайдын алба хашиж байсан хүн хувийн аар саархан асуудлаас болж УИХ-ын гишүүнээс татгалзаагүй байх. Тодорхой фракцын шахалт, янз бүрийн асуудал ч нөл өөлөөгүй байх. Р.Амаржаргал гишүүнийг би нийгэм, эдийн засгийг хөтлөх өөрийн хөт өлбөртэй хүн гэж боддог. Тэр бодлогыг УИХ, Засгийн газрын түвшинд сонсож, хүлээж авахг үй байна. Зүгээр л нэг сул, кнопчин гиш үүн болгож харагдуулаад байна. Ерөнхий сайдаар ажиллаж байсан, сайн эдийн засагч хүн зүгээр нэг кноп дарж суухаас залхсан байх. Ж.Батзандан бол шударга биш зүйлийн эсрэг байдаг хүн. Шударга ёс тогтоох бодол нь хэрэгжихгүй болохоор бухимдаж байгаа болов уу. Тэгэхээр энд асуудал байна л гэсэн үг.
Засгийн эрхийг намын удирдлагатай хамт барьж байгаа хэсэг хүмүүс өөрсдийгөө битүүмжлээд хаачихсан. Хэдийгээр “Бид тунгалаг” гэж байгаа ч юугаар ч хагалахад бэрх шилэн хаалтны цаана орж суучихаад, тэрийгээ онгойлгох хүсэлгүй болоод байгаа. УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ж.Батзандан хоёр манай жигүүрийн үйл ажиллагааг дэмжиж, намд бий болсон битүү, бугшмал асуудлыг задалж, “амьд” хөдөлгөөнийг сэргээх ёстой гэдэгт санал нэгдэж байгаагаа илэрхийлж байсан. Бид зөвхөн тэр хоёрт ч биш, ҮЗХ-д байдаг УИХ-ын бусад гишүүдтэй уулзах шаардлагатай байна. Боловсруулсан баримт бичгээ үзүүлж танилцуулан, дараа дараагийн ажлаа эхлүүлэх талаар хэлэлцэх ёстой байна.
-Танай намын тодорхой бүлэглэлд жиг үүрийн амыг барих сонирхол төрж байж мэдэх юм. Ийм хандлага ажиглагдах юм уу?
-Жигүүрт шаардлагаа зогсоо гэсэн шахалт ирээгүй. АН-ыг төлөөлж ҮЗХ болон УИХ, Засгийн газарт багтаж байгаа хүмүүс бүгдээрээ намын дүрмээ шинэчлэх цаг болсон гэдгээ ойлгож байгаа байлгүй дээ. Тэгээд ч жигүүр аль нэгэн фракц бүлэглэлийн гольфын цохиур болохгүй гэдгээ шулуухан хэлсэн. Биднийг Х.Баттулга нь Н.Алтанхуягийнхаа эсрэг, Н.Алтанхуяг нь бусдынхаа эсрэг хөдөлгөх гээд нэмэрг үй. Бид ажил хэрэгч санал тавьж байгаа. Засгийн газарт таагүй хандаж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг ч анзаарахгүй өнгөрөх арга алга. Ажил нь олигтой урагшлахгүй байна. Сайн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боловсон хүчин дулимаг, ажилтнууд нь чадвар хомс байна. Саяхан Монгол, ОХУ, БНХАУ-ын эрдэмтэд оролцсон Ногоон хөгжлийн тухай хуралд суулаа. Энэ үеэр Ерөнхий сайдын ирүүлсэн илгээлтийг санаандгүй авч үзсэн. Агуулга, утга найруулга, үг үсгийн алдаатай. Ядахад боловсруулсан хүн нь энд тэндээс цуглуулж бүтээсэн гэдгээ харуулах гэсэн шиг үсгийн форматыг нь ч өөрчлөхгүй тараасан байгаа юм. Энэ чинь Монгол Улсын Ерөнхий сайдын илгээлт шүү дээ. Ийм байхад юу ч яримаар юм. Гайхаж байна.
Д.ОТГОО