Шатрын дэлхийн аварга шалгаруулах халз тоглолт болж буй энэ өдрүүдэд дараагийн тэмцээн зохиогдох газар, хугацаа, оролцогчид нь тодорхой болжээ. Тодруулбал, 2014 оны гуравдугаар сард ОХУ-ын Ханты-Мансийскт зохиогдох тэмцээний өрсөлдөгчийг шалгаруулах тэмцээнд В.Крамник, С.Карякин, Д.Андрейкин, П.Свидлер (бүгд ОХУ), Л.Аронян (Армян), В.Топалов (Болгар), Ш.Мамедьяров (Азербайжан) нарын долоон их мастерыг нэр зааж урьж буйгаа FIDE албан ёсоор зарлалаа. Тэдэн дээр Ананд Карлсен хоёрын ялагдсан нь нэмэгдсэнээр нийт найман шилдэг шатарчин хоёр тойрог өрсөлдөж, ялагч нь аваргын титмийг эзэмшигчтэй халз тоглох эрх авах юм.
Сонирхуулахад өнгөрсөн хавар Лондонд зохиогдсон өрсөлдөгч шалгаруулах тэмцээнд дэлхийн 14 дэх аварга Владимир Крамник, Норвегийн их мастер Магнус Карлсен нар адилхан оноотой гарсан ч нэмэлт үзүүлэлтээр Карлсен Анандтай тоглох эрх авсан билээ. Энэ тэмцээнд оролцсон шатарчдаас Б.Гельфанд, А.Грищук, Т.Ражабов, В.Иванчук нар дараагийнхад шалгарч чадсангүй.