“Үндэсний зөвшилцөл” нэрийн дор улс орны тогтвортой хөгжлийн загвар бий болгох, Үндсэн хуулийн өөрчлөлт, төрийн тогтолцоо, иргэд, олон нийтийн талцал, сонгуулийн хууль, улс төрийн намуудын төлөвшил, баялгийн шударга хуваарилалт, гадаад харилцаа болон хүүхэд, залуучуудын хүмүүжлийн асуудлаар нэгдсэн ойлголцолд хүрэх ёстой гэж МАН-ын дарга М.Энхболд улс төрийн намуудын удирдлагуудад уриаллаа. Ардын Намын дарга өчигдөр эл сэдвийн дор ярилцах гэж улс төрийн намуудын удирдлагыг урьсан юм. Уулзалтад МҮАН-ын дарга М.Энхсайхан, МНН-ын дарга О.Бум-Ялагч, ЭЧХН-ын дарга Ш.Төмөрсүх, ХМХН-ын дарга Ц.Шинэбаяр, МУНН-ын дарга Б.Батболд, МСДН-ын дарга А.Ганбаатар, ИХН-ын дарга Д.Сүхжаргалмаа, дэд дарга Ж.Занаа, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, ЭОНН-ын дарга Г.Ганбат нар хүрэлцэн иржээ.

Намууд Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо бататган, баялгийн хуваарилалтыг Монголын ард түмэнд тэгш, шударга хүртээх, тогтвортой хөгжлийн бодлогыг боловсруулан хэрэгж үүлэхийн төлөө хамтран ажиллахаа санал нэгтэй илэрхийлсэн. Тухайлбал, ЭЧХН-ын дарга Ш.Төмөрсүх ийм уулзалтыг шийдвэр гаргагчдад нөлөөлөх хэмжээнд тогтмол зохион байгуулах ёстой гэж байсан бол МҮАНын дарга М.Энхсайхан үндэсний зөвшилцөл нэрийн дор уулзалдах нь хэр тохиромжтой бол гэж байлаа. Тэрбээр “Иргэний дайн болж байгаа улс оронд “үндэсний зөвшилцөл” гэсэн нэр томъёог сүрхий хэрэглэдэг юм билээ. Бид хэрэглэх нь тохиромжтой юу. Гэхдээ бид улс төрийн нам, шашин шүтлэг, төрийн бус байгууллагад хуваагдан оюун санааны задралд хэдийнэ орсон. Тиймээс бид үндэсний эрх ашгийн дор нэгдэх шаардлагатай.
М.Энхболд даргын дэвшүүлэн тавьж буй асуудлуудаас төрийн тогтолцоо, улс төрийн намын төлөвшлийн асуудлыг дэмжиж байна. Улс төрийн нам ямар байна, төр тийм л байдаг. Нэг танхимтай парламенттай үед төрийн дээр нам гарах нөхцөл байдал бий болдог. УИХ-д суудалтай намууд эхлээд учраа ололцвол жижиг намууд аяндаа татагдан орно” гэж байлаа. Энэ хоёр эрхмийг үг хэлсний дараа уулзалт хэвлэл мэдээллийнхэнд хаалттай үргэлжилсэн. Уулзалтын төгсгөлд хүрэлцэн ирсэн намын удирдлагууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Б.НОМИН