Ийм гарчигтай нийтлэл уул уурхайн www.mining.com цахим хуудсанд нийтлэгджээ. Бүрэн эхээр нь орчуулав. АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын 435, Сенатын 100 гишүүний дундаж орлого нь Америкийн энгийн өрхийнхөөс зургаа дахин их буюу ойролцоогоор 440 мянган ам.доллар байдаг. Тэдний дунд чинээлэг хөрөнгөтөн, ядуу нэгний аль аль нь байдаг ч хамгийн баян 50 гишүүний банкин дахь хадгаламжийнх нь мөнгөн дүн нийт 1.6 тэрбум ам.долларт хүрдэг аж. Харин Хятадын Үндэсний Ардын Конгрессийн хамгийн чинээлэг 50 төлөөлөгч нийтдээ 94.7 тэрбум ам.долларын хөр өнгөтэй тухай www.hurun. net цахим хуудаснаас эрэмбэлсэн баячуудын жагсаалтад дурдсан нь бий. Эдгээрээс үзэхэд Америкийн Конгресст сонгогдохын тулд Та баян байх шаардлагатай, харин Хятадад хөлжсөнөөр Коммунист намд нэр нөлөөтэй байхыг илэрхийлж буй хэрэг аж.
Харин Монгол Улсад эдгээрээс өөр, цоо шинэ зарчим үйлчилж эхэлжээ. Монголын УИХ-ын гишүүд болон Засгийн газрын өндөр дээд албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт тайлагнах болсоор зургаан жил өнгөрөөд буй. “The Mongolist” цахим хуудсын блогт тэмдэглэснээс үзэхэд Монголын топ улстөрчдийн хөрөнгийн хэмжээ улс орных нь эдийн засгийн хөгжлөөс ч хурдан үржих болсон байна. 2012 оны хөрөнгө, орлогын мэдүүлэгт дурдсанаар Парламентын одоогийн гишүүд нийт 1.1 их наяд төгрөг буюу 785 сая ам.долларын өмч хөрөнгө эзэмшиж буй аж. Үүнд УИХ-ын 74 гишүүн хөрөнгө, орлогын мэдүүлгээ танилцуулснаас хөрөнгөөрөө толгой цохих дөрвөн эрхмийн өмч л гэхэд дээр дурдагдсан хөрөнгийн 64 хувь болж байгаа гэнэ. Америк, Хятадынхтай харьцуулахад тэдний хөрөнгө төдийлэн их биш атлаа улсынх нь эдийн засагтай жишихэд Монголын улстөрчдийн хуримтлал “сүртэй” сонсогдох буй за.
15.7 их наяд ам.доллараар хэмжигдэхүйц АНУ-ын эдийн засагтай харьцуулахад Конгрессийн гишүүдийн нийт хөрөнгө шалихгүй мэт санагдана. Хятадын улстөрчдийнх ч ялгаагүй. Дэлхийд эдийн засгийнхаа цар хүрээгээр хоёрдугаарт эрэмбэлэгддэг тус улсын нийт хөрөнгийн ердөө 1.1 хувийг л тэд захиран зарцуулах эрхтэй байна. Харин гурав хүрэхгүй сая хүн амтай Монгол Улсын удирдагчдын хөрөнгө нь ДНБ-ийх нь 7.6 хувьтай тэнцэж буй аж.
С.ӨСӨХ-ИРЭЭДҮЙ