Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд Н.Тулгын тухай мэдээлэл олон улсын болоод манай цахим ертөнцөөр багагүй шуугиан тариад байна. Тэрбээр Букингемийн ордонд уржигдар зочилж, Хатан хаанд итгэмжлэх жуух бичгээ гардуулжээ. Түүнийг хатан хаан II Элизабет хүлээн авч уулзан, дотноор гар барин мэндчилсэн байна. Элчин сайд Н.Тулга Хатан хаантай уулзахдаа иж бүрэн монгол хувцсаараа гангарсан нь ийнхүү гадна, дотныхны шохоорхлыг төрүүлжээ.
“Daily Mail” сайтад манай Элчин сайдын хувцаслалтын талаар өгүүлэхдээ бор өнгийн торгон хантааз нь гуталтай нь хосолж, дээлнийхээ өнгөтэй малгайгаа ижилсүүлсэн нь гоёмсог харагдаж байсныг онцолжээ. Харин Хатан хааны хувцаслалт түүний хажууд хэтэрхий энгийн харагдаж байсныг дурдсан байна. Манайхан Элчин сайдад “Фэйсбүүк”, “Твиттер” хуудсаар дамжуулан талархал илэрхийлэн сэтгэгдлээ илгээж байгаа агаад олонх нь “Хатан хаан өмссөн хувцаснаасаа ичиж байгаа байх даа” гэцгээж байв.
Элчин сайд Н.Тулга үндэсний хувцсаа өмсөж Хатан хаанд бараалхсан нь ийнхүү олны талархлыг хүлээгээд буй. Н.Тулга нь өнгөрсөн зургадугаар сард Их Британид Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа аж. Тэрбээр Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг дүүргэсэн, орос, англи, хятад хэлтэй гэнэ.
О.БАТ-УНДРАХ