“Grand lux” зоогийн газрын шеф, мастер тогооч Н.Бумцэрэн энэ удаа францын уламжлалт хоолоор дайллаа. Дарсанд жигнэсэн тахианы мах хэмээх энэ хоолноос дарс болон дарсан улаан лоолийн нухашны бага зэрэг исгэлэн, гахайн утсан махны давслаг амт мэдрэгдсэн. Хоолны гол онцлог энэ гэсэн.
ОРЦ:
Тахианы гуяны мах-300 гр
Гахайн утсан мах-50 гр
Мөөг-100 гр
Цөцгийн тос-40 гр
Сонгино-50 гр
Сармис-2 хумс
Гурил-5 гр
Цагаан дарс-50 гр
Улаан лоолийн нухаш-180 гр
Яншуй-3 гр
ХИЙХ АРГА:
Энэ хоолыг ширүүн галаар болгох юм билээ. Халаасан хайруулын тавагт 20 гр цөцгийн тос, гахайн махыг хийж хоёр минут шарсны дараа нимгэн хавтгай хэрчсэн сармис нэмээд үргэлжл үүлэн шарна. Цөцгийн тосонд мах шаржигнуур болох учиртай. Үүнийгээ тавганд авна. 20 гр цөцгийн тос, дунд зэргийн шоо хэлбэртэй хэрчсэн тахианы махыг мөн ширүүн галаар шарна. Ингэхдээ байнга хутгах хэрэггүй. Маханд хайрсан гадарга тогтоох учраас тэр.
Мах жигд сайхан шарагдсаны дараа сонгино, мөөгийг нэмээд хоёр минут шараад гурил хийгээд сайтар хутгаарай. Үүн дээр дарс, түрүүн шарсан гахайн мах, лоолийн нухаш, бага зэрэг давс, тмиян хийгээд галаа зөөллөж, үргэлжлүүлэн таван минут жигнээд, жижиглэн хэрчсэн яншуйгаар амтлаад хоол бэлэн болно.
Европчуудын өргөн хэрэглэдэг тмиян бол гоньд, нимбэг, газрын самрын холимог амтлагч бөгөөд бага зэрэг гашуун хэрнээ нялуун амттай. Энэ хоолыг агшаасан цагаан будаа, гоймонтой идвэл тохиромжтой гэнэ.