Европын комиссын ерөнхийлөгч Ж.М.Баррозо Төрийн тэргүүн Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад айлчилж байна. Тус комиссын ерөнхийлөгчийн хувиар манай улсад анх удаа хийж буй айлчлал учраас түүнийг Чингисийн талбайд Хүндэт харуул, морьт цэрэг, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн жагсаж хүндэтгэл үзүүлэн, Төрийн тэргүүн Ц.Элбэгдорж угтан авсан юм. Албан ёсны угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын комиссын Ерөнхийлөгч Ж.М.Баррозо нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлээд Төрийн ордны Баганат танхимд Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Улмаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ноён Ж.М. Баррозо нар Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийсэн юм.
Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл, урт хугацааны стратегийн зорилтуудын нэг нь Европын холбоо болон түүний гишүүн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг бололцоотой бүх салбарт хөгжүүлэх гэдгийг уулзалтын үеэр Ерөнхийл өгч онцолж, Гадаад бодлогын үзэл баримтлалдаа Европын холбоог гуравдагч хөрш хэмээн тунхагласныг мэдэгдэв. Монгол Улсад өрнөсөн ардчилал, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шилжилтийн явцыг Европын холбоо болон түүний гишүүн орнууд тууштай дэмжиж, туршлагаасаа хуваалцаж, санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлэн Монгол Улстай хөгжлийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж ирсэнд мөн талархал илэрхийлсэн байна. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Европын комиссын Ерөнхийлөгч нар Төрийн ёслол, хүндэтгэлийн их танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгч “Энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улс, Европын холбооны хооронд “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулсан. Уг хэлэлцээр Европын холбоо, Монгол Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх газрын зураг болж байгаа юм. Энэ бол Европын холбоонд багтдаг 28 улстай түншийн хэмжээнд харилцаатай болж байна гэсэн үг” гэв.
Ноён Ж.М.Баррозо олон ажил хэрэгч саналтай ирснийг хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээ Төрийн тэргүүн онцолсон. Тухайлбал, Хөнгөлөлтийн эдийн засаг гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж, Монголд хийсэн бараа, бүтээгдэхүүнийг Европын зах зээлд татваргүй оруулах боломж бүрдүүлэх гэнэ. Европын комиссын Ерөнхийлөгч Ж.М.Баррозо “Бидний уулзалт хоёр талын харилцаанд шинэ үеийг эхлүүлсэн түүх болж байна. Монгол Улс өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд их ололт амжилтад хүрсэн. Ардчиллыг олон салбарт бий болгож хөгжүүлсэн. Энэ бүхний үр дүнд Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд маш их нэр хүнд хүлээж байгаа. Бид өнгөрсөн дөрөвдүгээр сард “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг байгуулсан нь хоёр талын харилцааг өргөжүүлэх шинэ боломж, нөхцөлүүдийг гаргаж өгсөн. Европын холбооны зүгээс Монгол Улстай тогтоосон харилцаагаа улам өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.
Мөн Европын холбооны ноухауг боловсрол, эдийн засаг, шинжлэх ухаан зэрэг салбарт нэвтрүүлэх нь шинэтгэлийн бодлогыг дэмжсэн алхам болохыг ярилцлаа. Бид 2014-2020 онд Монгол Улсад өмнөхөөсөө илүү хөгжлийн туслалцаа үзүүлэх болно” гээд Европын холбооны орнуудад Монголын бараа, бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх схемийг цаашид үргэлжлүүлэхээ амлав.
С.УУЛ